Авто замын түгжрэлийг бууруулах ажил Их тойруугаас эхлэх үү

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2018-10-17 18:22:09

Нийслэлийн авто замын түгжрэл олон хүчин зүйлийн улмаас үүсдэг байна. Тэднийг зөв эрэмбэлж шийдвэр гаргавал үр дүнтэй, урт настай шийдвэр гарах бололтой. Энд нийслэлийн машинтай иргэдийн 10 хувь нь нэг км-ын тойрогт машинаа унадаг гэсэн судалгаа гарсан байна. Иргэдийн хэт үрэлгэн үйлдэл нь тэднийг эдийн засгийн хувьд хохироогоод зогсохгүй замын түгжрэлд маш их нөлөө үзүүлдэг гэж тухайн салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Энэ бол хувь хүний замын түгжрэлд үзүүлж байгаа анхны нөлөө.

Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин байрлах  Их тойрууд 65 хувийн болон төрийн өмчит  ерөнхий бололовсролын сургуульд  59 мянга 879 хүүхэд суралцдаг, Тэдний 19 мянга 985 нь нийтийн тээврийн хэрэгслээр,  23 мянга 976 нь явганаар, долоон мянга 959 нь  автомашинаар хүргүүлдэг.  Мөн  тойрогт төрийн 286 байгууллагад 28 мянга 993 алба хаагч ажилладаг.  Тэдний 11.402 нь нийтийн тээврээр, 4 мянга 698 нь явганаар, 12 мянга 893 нь хувийн автомашинаар ажилдаа ирдэг.   Машинтай албан хаагчид   3-10 км замыг  туулж ирнэ. Байгууллагын дэрэгдэх зогсоолд түүний унаа ажлын цаг дуустал сойгдоно.  Тус тойрог дахь өдөр тутамын ийм ерөнхий зураглал авто зогсоолын хүртээмжийг  бууруулж замын хөдөлгөөнд түгжрэл үүсэгдэг байна. Энд олон байгууллага нэг дор төвлөрлөө гэхээс илүүтэй олон машин орж гарах болсон нь замын түгжрэлд оруулж байгаа тэдний хувь нэмэр гэж ойлгож болох нь.


Төрийн байгууллага, сургуулиудын төвлөрлийн хувьд тухайн бүсэд яг өнөөдөр бий болсон зүйл биш. Хот төлөвлөлт талаас харвал 1975 онд Улаанбаатар хотыг 349 мянган хүнтэй, 10 мянга 44 тээврийн хэрэгсэлтэй, хүн амынх нь 2,9 хувь нь хувийн машинтэй байхаар төлөвлөж байжээ. Энэ үед хот төлөвлөлтөөр энд төрийн байгууллагын төвлөрөл бий болсон гэж хэлж болно. Харин өнгөрсөн хугацаанд төвлөрөл бүр л нягтарсан байх магадлалтай.


Ер нь нийслэлийн авто замын түгжрэлийн талаар мэргэжлийн хүрээнд 2005 оноос хөндөгдөж эхэлсэн гэнэ. Харин 2012 онд бидний ярьж заншсанаар Офцеруудын ордоноос Таван шар хүртэл замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн их багтаамжийн автобусыг давуу эрхээр явуулж эхэлсэн бөгөөд дугаарын хязгаарлалт хийжээ. Тэгвэл 1975- 2005 оны хооронд буюу 30 жилийн хугацаанд нийслэлийн авто замд түгжрэлийн тухай ойлголт байсангүй. Энэ талаар удаа дараа ямар нэг шийдвэр гарч байсангүй. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу  цагдаа, гэрлэн дохио тэр бүгдийг зохицуулж байжээ.


Замын түгжрэл сүүлийн жилүүдэд хүчтэй яригдаж, зөв оновчтой шийдвэр гаргахыг шийдвэр гарагчид хийгээд салбарын мэргэжилтнүүдээс ойр ойрхон шаардах болов. Нийслэлд 2018 онд сая 300 мянган хүн, 536 мянган автомашин бүртгэлтэй, хүн амын 41,2 хувь нь хувийн машинтай. Бүртгэлтэй машинаас өдөрт 350 мянга нь замын хөдөлгөөнд ордог. Түүн дээр орон нутагт бүртгэлтэй 60-80 мянган машин  замын хөдөлгөөнд ордог болжээ.

Авто замын түгжрэл ганцхан Улаанбаатар хотын өмнө тулгараад байгаа хүндрэл биш гэнэ. Бусад хотуудад ч ийм асуудал мөнхийн сэдэв нь байдаг аж. Хот төлөвлөлт тэр дотор хотын хүн тээврийн асуудлыг тодорхой болгож түүний дагуу төлвөлөх нь тухайн хотын соёл, давуу тал болдог гэж үздэг байна.


Тухайлбал АНУ-ын хот төлөвлөлт автомашин давамгайлсан байдлаар төлөвлөгдсөн байдаг бол европ азийн хотууд нийтийн тээврийг түлхүү авч үздэг байх жишээтэй гэж аялагч Г.Ганхүү ярьлаа. Улаанбаатрын хувьд хүн тээвэр нь  машин уу, нийтийн тээвэр автобус уу гэдгээ тодорхой болгож  хараахан амжаагүй байгаа аж. Тодорхой барьсан бодлого  шийдвэр, шийдэл гаргаагүй байгаа гэж хэлж болох гэнэ. Нийтийн тээврийн хэрэгсэл давамгайлсан хотуудын хувьд иргэд нь түүгээр зорчих орчинг нь сайжруулдаг. Иргэд нь түүгээрээ зорчиж заншсан өөрийн өвөрмөц соёлыг бий болгодог гэнэ. Энэ тал дээр хамгийн их амьжилт олсон нь японы Токио хот, иргэдийнх нь 94 хувь  нийтийн тээврээр, зургаан хувь нь хувийнхаа машинаар  замын хөдөлгөөнд оролцдог байна. Гэтэл нийслэлийн иргэдийн 34 хувь нь нийтийн тээврээр 69 хувь нь хувийнхаа машинаар хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлд 536 мянга 171, орон нутагт 422 мянга 389 машин бүртгэлтэй байна. Улсын хэмжээнд  958 мянга 56 машинтай болжээ. Хүн амтайгаа харьцуулж үзвэл гурван хүнд нэг автомашин ногдох хэмжээнд хүрчээ. Олон улсын түвшинд 9-12 сая машинтай хотууд бий гэнэ. Тэнд түгжрэлийг зохицуулсон олон янзын арга хэрэглэдэг байна. Авто замын түгжрэлд хүн, машины төвлөрлөөс илүүтэй буруу зохион байгуулалт хүчтэй нөлөөлдөг гэж энэ салбарынхан ярих юм.


Хот төлөвлөлтийн өнгө үзэмж, замын нэвтрүүлэх чадлыг сайжруулах үүднээс давхар зам, гүүрэн гарц барьж бүтээн байгуулалт хийх нь ойлгомжтой. Ийм зүйлийг ямарч хот хийдэг юм байна. Харин одоогийн замын сүлжээ, зогсоолынхоо багтаамжийн хүрээнд эхний ээлжинд зөв зохион байгуулалт хийх хэрэгтэй болсон гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Замыг зөв зохион байгуулалтай болгохын тулд эхний ээлжинд автомашины хүрдний асуудлыг шийдэх ёстой. Манай замын хөдөлгөөний зохицуулалт нь зөв талдаа хүрдтэй (жолоотой) автомашиныхаар байдаг. Гэтэл хөдөлгөөнд оролцож байгаа машиных нь 61 хувь буруу талдаа хүрдтэй болжээ. Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, зохицуулж байгаа хууль хоорондоо зөрчилтэй учир одоо холимог хэлбэртэй болжээ. Ийм холимог байдлаар замын хөдөлгөөнд ОХУ-ын алс дорнодын тойрог, Монгол Улс, Африкийн цөөн орон байдаг гэж НИТХ-ын даргын зөвлөх С. Энхтөр хэлж байна. Бусад улс орны хувьд нэг далд нь гаргаж шийджээ.

Авто замын түгжрэлд зогсоол хомс байдаг нь их нөлөө үзүүлдэг аж. Өнөөдрийн байдлаар 26 мянган автомашин буюу 26 мянган жолооч зогсоолгүй хомсдолд ордог нь судалгаагаар тогтоогджээ.  Их тойруу дотор  өглөөний 09 цагт машины  зогсоолуудын 90 хувь нь эзэнтэй болдог. Тус бүсэд хөдөлгөөнд оролцож байгаа  жолооч нарын 25 хувь  нь зогсоол хайж 15-20 минутанд 300-500 метр замыг 10-15 км/цагийн хурдтайгаар туулж хөдөлгөөнийг сааруулдаг  гэсэн судалгааг мэргэжлийн баг хийсэн байх юм.  Бусдын хөдөлгөөнд саад болохгүй, ачаалал   багатай  замын нэгдүгээр эгнээг төлбөртэй зогсоол болгох ажлыг зохион байгуулах боломжтой. Хотын төв хэсэгт нэгдүгээр эгнээг авто зогсоолын зориулалтаар ашиглаж болох 22 хэсэг Их тойрууд байгаа. Тэнд  нийт 1000 орчим  автомашиныг төлбөртэйгээр зогсоох боломжтой гэсэн судалгаа гарчээ.

Ийм  зохицуулалтыг хийхэд ямар нэг эрсдэлгүй. Харин хяналт шалгалтыг сайжруулж байгууллага бүр ажилчиддаа ухамсарлуулж идэвхитэй ажиллахад асуудал шийдэгдэх боломжтой гэж ажил хариусан хүмүүс дээш нь уламжилсан байна.  Зогсоол төлбөртэй байх нь түрүүчийнх нь сүүлчийнхдээ боломж олгодог сайн талтай аж. Зогсоолыг төлбөртэй байдлаар шийдэхдээ эхний цаг бага,  удаан зогсвол өндөр төлбөр гардаг бол үр дүнгээ өгөх сайн талтай аж.  Тухайлбал төв талбайн урд байрлах зогсоолын эхний 30-60 минутын тарифыг тэглэх буюу 500 хүртэл төгрөг болговол зогсоолын ашиглалт 75 хувиар хүрч ойр хавийн зогсоолын дүүргэлт буурх тооцоо гарчээ.

Нийслэлийн авто замын түгжрэл буруулах, төвлөрлийг сааруулах ажлыг Их тойруугаас эхлэх шийдвэр гаргах бололтой. Тэнд  судалгаа хийжээ. Судалсан юм чинь шийдвэрлэх биз. Харин гарсан шийдвэрийг дагаж мөрдөх, хэрэгжилтэд нь хяналт тавих  үүрэг  нийслэлийн иргэн таньд  ирэх нь байна шүү?  Г. Эрдэнэбат

 

 

 

 

Холбоотой мэдээ