Рамстедтийн дуу хоолой

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2018-10-18 16:17:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


“Дорно этгээдэд долоон удаа”, “Рамстедтийн захидал бичигүүд” зэрэг номууд хэл шинжлэлч, орчуулагч М.Саруул-Эрдэнэ хөрвүүлэн гаргасан билээ. Энэ номууд бол Финляндын хэл зүй судлаач, дипломатч Густав Йон Рамстедтийн аян замын тэмдэглэлийн чухаг бүтээлүүд юм. Ийнхүү “Дорно этгээдэд долоон удаа” номын дагуу зохиол нь өрнөх “Рамстедтийн ертөнц” кино мэндэлж Мексикийн “Монтеррей” олон улсын кино наадмын “Шилдэг гадаад баримтат кино” шагналыг хүртээд амжсан билээ.

ЭЗЭНГҮЙДСЭН БОДОЛ




Уг киног Финляндын найруулагч Марти Карттинен, Никлас Кулсстрөм нар бүтээжээ. Тэд Рамстедтийн аяласан орнуудын хоорондын нөхцөл байдлыг орчин цагийнхтай жишин үзүүлсэн байна. Нөгөөтэйгүүр Рамстедт аяласан цаг мөчүүдээ эргэн дурсах байдлаар зохиомжилсон нь тун оновчтой шийдэл мэт харагдана. Ер нь бол Рамстедтийн аялалын тэмдэглэлээс бид 120 жилийн тэртээх Монголыг харж болно. Тиймээс ч киног үзсэнээр өнгөрсөн рүү буцаж, эргээд өнөө цагийн Улаанбаатарыг харна.


“Хээр хоёр монгол тааралдвал заавал мориноосоо бууж нэгнийгээ угтаж авдаг. Огт танихгүй мэдэхгүй хүмүүс нэгнээ сайн явааг нь асууна. Эмээл зүгээрүү, морь ядарчийнуу гэх мэт хамгийн түрүүнд санаа тавина. Болж бүтэхгүй зүйлийг заавал туслах гэж оролддог”.


Монгол хэл шинжлэлийг үндсийг тавигч Рамстедт ийн өгүүлжээ. Тэгвэл өнөөдөр энэ ёс заншил, судлаачийн бүтээлд өгүүлэгдсэн сүм хийд, бидний бахархан өгүүлдэг түүх соёл, монгол хүний уугуул мөн чанарыг Улаанбаатарын аль өнцөгт тольдож болох вэ? Шуудхан хариулчихаж чадахгүй тулгамдсан асуултын өмнө зогсож буй бидний 120 жилийн дараах хөгжлийн өнгө чухам юунд хүргэсэн тухай бодол тус киног үзсэн хэн боловч тээх үлдэх биз ээ.


“Газрыг зарж болдог гэхэд Монгол хүмүүс гайхаж бас шоолно. Газар бол хөдөлж болохгүй зүйл учир тэдний хувьд энэ нь зарах боломжгүй. Тэд тэнгэр лүү хуруугаараа заагаад “Би чамд тэгвэл сарыг заръя” гэж билээ...”


Рамстедтийн тэмдэглэлдээ өгүүлсэн энэхүү үгсийг найруулагчид кинондоо сонгож оруулсан нь тун оновчтой шийдэл юм. Тухайн үеийн Монголчуудын оюун санааны чөлөөтэй байдал болон, дорнын хүмүүсийн дуу хоолойг эдгээр үгс бүрнээ төлөөлж чадна. Харин өнөөдөр байдал эсрэг зүг рүү чиглэжээ. Монголчууд хэдийн газраа зараад эхэлсэн ч, нөгөө л үүх түүх, өвөг дээдсийн оюун ухааныг магтаж суух эзэнгүйдсэн бодолтойгоо хамт урагш зүтгэсэн ч ухарсаар амуй.


ДЭЛГЭЦЭНД АМИЛСАН СҮҮДЭР БА ГЭРЭЛ




Баримтат кино болгон бодит ахуйгаас дахин бодитойг хайх өгүүлэмжээр хөвөрдөг билээ. Ихэвчлэн тухайн асуудлын цаадах жинхэнэ үнэнийг олоход чиглэгдсэн байдаг. Харин Рамстедтийн ертөнц кинонд дурсамж болоод бодит төсөөллийн хооронд уяатай мэдрэмжүүд чөлөөтэй нисэлдэж байдаг нь онцгой сэтгэгдэл үлдээв.


Монгол гэлтгүй Япон орон, дараа Хятад руу үйл явдал нь шилжих тус кинонд нийгмийнхээ нэгэн эд эс болон оршиж буй хүмүүс оройн цагаар тамхи татан хөлхөж, дуу сонсч, ажил төрөлөө амжуулан явахуйд хөгжлийн гэрэл хэрхэн тусч буйг харуулна. Нөгөөтэйгүүр хэл соёл, ахуй хувьсан өөрчлөгдсөнөөр хүний мөн чанарт ямар том сүүдэр тусч буйг харж болно. Монголчуудын хэлний зүйд хэрхэн өөрчлөлт орж ирснээр одоогийн массын зүй зохисгүй хэллэг газар авч байгааг реппер Gee болон Desant нарын дуугаар илэрхийлэн гаргажээ. Энэ нь нэг талдаа маш өргөн хүрээг хамрах сэдэв. Гэтэл хип хоп жанрын дуугаар илэрхийлээд орхичихсон нь жаахан дутуу санагдсаныг нуух юун.


Хонь гаргаж буй монгол залуу болон, хотын шөнөөр цэнгээний газар бүжиглэж буй залуусын хооронд “араатанлаг” шинжтэй ямар нэгэн зүйл адилхан агуулагдаж байгааг далдуур илэрхийлж байв. Эдгээрийг хооронд нь жишин харьцуулж ямархан сүүдэр өнгөрсөнд үлдсэн уламжлалын гэрлийг үмхлээд авахыг зоримог хурц дүрслэлүүдийн нийлэмжээр харуулсан нь киноны онцлог байлаа.

ХӨГЖИЛ УГ НЬ МӨРӨӨДӨЛ БИШ




Япон орны гудамж талбайн гэрэлтүүлэг, хүн зоны бужигнасан амьдрал дэлгэцэнд амилав. Дараа нь Хятад орны энэ мэт дүрслэлүүд гарна. Тэнгэр өөд цойлсон өндөр барилга, хэзээд унтаршгүй мэт асах неон гэрлийн үргэлжийн мөнхийн хөдөлгөөнөөс монгол хүн лав тайвшрал олохгүй мэт. Хотын төвөөс нэг зүг рүү нь гучин минут давхиад л тал хөндий, уулсын бараатай золгодог монгол хүнд энэхүү байдал тийм ч таатай санагдахгүй нь мэдээж. Үүнийг кинонд найруулагчид үзүүлэхийн тулд Япон болон, Хятад орны тухай гарч байх завсарт тал нутаг, нүүдэлчин ахуйн зураглалууд байсхийгээд л шургуулах ажээ.


Тиймдээ ч бидний шүтээд буй хөгжил гэх зүйл байгаль дэлхий, хүн хоорондын харилцаанаас хэрхэн холдуулсныг харуулна. Яг юуг бид хөгжил гэж нэрлэх вэ? Дуртай зүйлсээ хийж, төсөөлж байгаагүй тоглоомоор өдөр шөнөгүй зугаацаж, тэнгэр тулж орших шилэн байшингуудын дундуур алхах нь бидний мөрөөдөл болсон хөгжил лав биш гэдгийг Рамстедтийн аялалаар дамжуулан хоёр найруулагч үзэгчдэд харуулахыг зорьсон нь илэрхий.


Киноны эхлэлд тал дээгүүр давхиж яваа морьтон залуугийн дүрслэл гарсан нь тэртээ зууны өмнөх агшин. Харин төгсгөлд нь мэнд мэдээд хоёр тийш мордож буй малчдын зураглал нь өнөөгийн хүмүүсийн хоорондын харилцаа, тэдний мөн чанарт гарсан өөрчлөлтийг харуулсан мэт санагдана.



Холбоотой мэдээ