Автозамын салбарт жишиг болохуйц дэд бүтцийг Ховд аймагт цогцлоожээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-10-22 17:13:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон ястны өлгий нутгийнхан дэд бүтцэд санаа зовохгүй болжээ. Хоёр өдөр туулдаг байсан замд 4-5 цаг зарцуулаад  очдог болсныг ховдчууд олзуурхаж сууна. Учир нь энд Засгийн газар  Азийн хөгжлийн банк, Эксим банкны санхүүжилтээр  хил хүртэлх автозамыг барьж гурван жилийн өмнө ашиглалтад оруулжээ.


    Монгол Улсын урд, хойд хил холбосон уг автозамын  өгөөж иргэдэд хэр тусч буйтай АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен өнгөрсөн долоо хоногт танилцсан юм.


Энэхүү Баруун бүсийн босоо тэнхлэг төслийн хүрээнд нийт 740 км автозам барихаар төлөвлөсний 404 км автозамыг АХБ-ны  санхүүжилтээр  барьсан байна. Тус автозам ашиглалтад орсноор олон улсын худалдаа, эдийн засгийг өргөжүүлэхийн зэрэгцээ иргэд цагаа хэмнэх,эмнэлгийн үйлчилгээг шуурхай авах, машин техникийн эвдрэлээс ангижирч, бизнес нь ашиг орлоготой болсон гээд олон талын өгөөжийг хүртэж эхэлжээ.


Дээрх автозамыг барихдаа олон улсын стандартыг барьж гүйцэтгэсэн  нь илэрхий. Ашиглалтад ороод гурван жил болсон ч эвдрэл гараагүй толийсон зам биднийг угтав. Уулын  чулуу орж ирэхээс хамгаалсан хамгаалалт, үерийн далан, түр зогсоол, замын тэмдэглэгээ гээд  манай автозамын салбарт жишиг болохуйц дэд бүтцийг Ховд аймагт цогцлоожээ.    


   ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦЭХ АВТОЗАМЫГ  МОНГОЛ УЛСАД ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН




     АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен: Баруун бүсийн тулгуур хот болох Ховд аймагт барьсан автозамыг 2015 онд ашиглалтад өгсөн. АХБ-наас нийт 200 орчим сая ам.долларын санхүүжилт хийсэн.  Монгол Улсын хувьд зам барилгын ажил өрнөх хугацаа улирлаас шалтгаалж богино байдаг. Түүнчлэн Ховд нутаг бартаа ихтэй, уулархаг газар тул замын ажил үргэлжлэх үед үер ус, байгалийн хүчин зүйлс их  саад учруулж байв. Гэсэн хэдий ч өнөөдөр Монгол Улс олон улсын жишигт хүрсэн дэд бүтэцтэй болсонд сэтгэл хангалуун байна. Энэхүү дэд бүтцийн өгөөжийг зөвхөн монгол хүн төдийгүй бусад орнууд хүртэж буйгаараа онцлогтой.


Ховдчууд автозамын тухай ийнхүү ярьж байна.


ХОТЫН АВТОБУСАНД  ХАЯАНААСАА  СУУДАГ БОЛОВ 




 Жаргалант сумын Бичигт багийн иргэн Б.Жанцан: Зөвхөн Монгол төдийгүй Орос Хятад улсад өгөөж өгөх ач тустай зам ашиглалтад орсон. Өмнө нь үүгээр УАЗ 469, пургон, том машин л явдаг байлаа. Харин энэ зам ашиглалтад орсноор  жижиг автомашин явдаг болсон. Энэ хэрээрээ манай аймагт жижиг оврын автомашин нэмэгдэж бид унааны зовлонгүй болсон. Үнэхээр манай нутагт зам дагаж хөгжил ирж байна. Бид эмнэлгийн үйлчилгээг  шуурхай авдаг болсон төдийгүй хотын автобусанд заавал аймаг орж суулгүй хаяанаасаа  суудаг болсон гээд дэвшил ирсэн. Манай баг аймаг хүртэл 210 км  бөгөөд өдөржин явдаг байсан бол одоо 2 цаг гаруй давхиад л хүрнэ. Замын чанар ярих юм байхгүй сайн тавигдсан. Гол нь арчилгаандаа анхаарах хэрэгтэй байна. Хүнд даацын автомашин даац хэтрүүлэн хүдэр ачиж буйгаас болж зарим газарт бага зэрэг хонхойх явдал гарч байгаа. Үүнд орон нутгийн удирдлагууд анхаарах ёстой.


ХҮН ТЭЭВРИЙН УРСГАЛ НЭМЭГДСЭНЭЭР АШИГ ОРЛОГО ӨССӨН




Манхан сумын иргэн Х.Цэндээ: АХБ-ны хөрөнгө оруулалтаар автозам барьсан нь  бидний ажил, амьдралд маш  их нэмэр болж байна.  Иргэн хүнийхээ хувьд зөвхөн Ховд  нутгийн иргэд төдийгүй  Монгол Улсад үр өгөөжтэй автозам барьсанд маш их баяртай байгаа. Машинд гамтайгаас гадна хүмүүсийн ажлыг  асар их хөнгөвчилсөн. Манай аав тээврийн жолооч хүн байсан. Тэр утгаараа үр хүүхдүүд бид зам дагасан цайны газар, дэлгүүр, дугуйн засварын үйлчилгээг үзүүлдэг юм. Өмнө нь зам бариагүй байхад  өдөртөө цөөхөн хүн үйлчлүүлдэг байсан бол одоо хүн тээврийн урсгал нэмэгдсэнээр ашиг орлого маань өссөн.  Тиймээс энэ сайхан  алтан шар зам барьж, хөрөнгө оруулалт хийсэн бүх хүнд баярласан талархсанаа илэрхийлье.


  ОРОН НУТГИЙН ЗҮГЭЭС  ДААЦЫН ХЯНАЛТЫН БҮС ТОГТООНО




Ховд аймгийн Алтай сумын ИТХ-ын дарга Н.Бүргэд: Манай сум 3 219 хүн ам, 808 өрхтэй. Газар нутгийн хэмжээгээр улсад хоёрт ордог томоохон сумын хувьд олон улсын чанартай автозам тавигдсан нь үнэхээр аз завшаан юм. Замын туслах ажилд  сумын 200 гаруй иргэн ажилласан. Цаашдаа орон нутгийн зүгээс  замыг зөв зохистой ашиглах талаар даацын хяналтын бүс тогтоохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаад байна. Хяналтын бүс бий болсноор үүгээр дамжин өнгөрч буй бүхий л тээврийг хянах  боломж бүрдэнэ. Увс аймгийн Наранбулаг сумаас  хүдэр тээвэрлэлт энэ замаар хийж байгаа.  Тиймээс 24-26 тонн ачаатай шланз автомашинууд явж байгааг хянана. Орон нутгийн зүгээс цаашдаа энэ хөдөлгөөнийг зогсоож, замаа арчлан хамгаалахад анхаарна.


 ЗАМ ХАРГУЙ САЙЖИРСНААР ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ЗОГССОН




Алтай сумын Тахилт багийн иргэн С.Гансүх: Олон улсын босоо тэнхлэгийн хүрээнд барьсан уг автозам эдийн засгийн өгөөжтэй төдийгүй цаг хугацааг маш хэмнэж нутгийн зон олонд ашиг тусаа өгч байна. Зам тавиагүй байхад Бодончийн хавцлыг 90 гаруй гарам усаар гаталж 24-өөс дээш цаг явж байж хүрдэг байлаа. Харин  зам баригдсанаар аймгийн төв орж ажлаа амжуулаад өдөртөө буцаж ирдэг болсон. Мөн сумын хүн амын шилжилт хөдөлгөөн зогссож, иргэдийн амьдрал ахуй сайжран орлого  нь нэмэгдсэн. Чанарын хувьд  Монголд байхгүй сайхан зам болсон.  Замын хашилт хамгаалалт, арчилгаа нь гайхалтай. Энэ замыг тавихад ач холбогдол өгсөн Монгол Улсын Засгийн газартаа болон Азийн хөгжлийн банк болон бусад  хөрөнгө санхүүг нь шийдэж өгсөн  хүмүүст маш их талархаж байна.


Ийнхүү иргэд Баруун босоо тэнхлэгийн автозам хөгжүүлэх төслийн хүрээнд барьсан автозам тэднийг хөгжилд дөтөлсөнийг онцолж байсан юм.





 Харин АХБ-ны санхүүжилтээр барьж буй төслийн хоёр дахь шатны зам барилгын ажлын явц 90 орчим хувьтай  байгааг Баруун босоо тэнхлэгийн автозам хөгжүүлэх төслийн зөвлөх багийн мэргэжилтэн Ч.Энхжаргал тодотгож байв.


Хоёр дахь шатны төслийн хүрээнд Ховд аймгаас Шургын гүүр  хүртэлх 53.9 км замыг “Эйч Кэй Би Интернэшнл Холдинг” ХХК тавьж буй аж. Уг замын ажлыг  280 техник тоног төхөөрөмжөөр  400 гаруй хүн  гүйцэтгэж байна. Харин Шургын гүүрээс Хашаатын даваа хүртэлх  50 км автозамын ажлыг  “Чайна Хуаши Энтерпрайзис Лимитед” ХХК гүйцэтгэж буй бөгөөд Энэтхэг-Монголын Ай-Си-Ти компани хяналт тавин ажиллаж байна.


Ийнхүү Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн авто зам барьж хүн ардын амьдралд эерэгээр нөлөөлж буйтай МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах баг танилцаад ирлээ.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ