Сүнсний баяраар зорьж очих боломжтой үйл ажиллагаанууд

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2018-10-29 18:02:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

ГАЛЗУУ МАЛГАЙТТАЙ ХАМТ




“Алиса гайхамшгийн оронд” зохиолоос сэдэвлэсэн “Alice Through the Looking Glass” киноны нэгэн гол дүрд галзуу малгайт оёдолчин гардаг билээ. Түүний дүрийг алдарт жүжигчин Жонни Депп амилуулж олонд хүргэсэн байдаг. Тэгвэл та 31-нд “Club coworking” –ийн хамт олноос зохион байгуулж буй галзуу малгайтын үдэш буюу “Quiz Series: Halloween Special”-д очих боломжтой. Хэрхэн хувцаслахыг уншигчид хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ. Тэмцээн 4 үеэс бүрдэх бөгөөд очсон хүмүүс хоорондоо баг болон хуваагдах гэнэ. Нэг баг нь 5 хүнтэй байх буюу хөтлөгчөөр Алтан хальс холбооны гишүүн Базо ажиллах юм.


СҮНСНИЙ БАЯР




Сүнсний баярын оройг шидтэнгүүд, шулам, сүнс, вампир, зомби гэх бүхий л болж бүтэхгүй аймшгийн хүмүүстэй өнгөрөөхийг хүсвэл Циферблатыг зориход болно. Өөрсдийн дуртай кино, уран зохиолбн баатрын дүрд  хувирч шинэ найз нөхөдтэй танилцан “Сүнсний баяр”-ыг мартагдашгүй өнгөрөөж болох юм.  Хэн сайн дүрд хувирах вэ? Хэн нь хамгийн айдас төрүүлэм болж вэ? зэргээр шилдэг хувцаслалтын эздийг тодруулж шагнах бөгөөд олон сонирхолтой хөгжөөнт тоглоомууд таныг хүлээж байна. Гол нь очих хүмүүс өөрсдийн дуртай амттан, хоол, snack, бялуу, пирог зэргийг цүнхэлж очихоо мартаж болохгүй. Тус үйл ажиллагаан дээр бяцхан хэмжээний гэр бүлийн хоолны үдэшлэг хийх буюу хамгийн амттай амттан, хоолыг шалгаруулж мөн онцгой бэлэгээр урамшуулах болно.


СОЛОНГОС ХАМТЛАГИЙН ФЭНҮҮДЭД ЗОРИУЛАВ




Кпоп сонсдог, Солонгос соёлыг сонирхдог хүүхэд залуучууд “Only KPOP Halloween Party”-ыг зорих боломжтой. Дуу таах тоглоом, шилдэг хувцаслалт, зоог, танилцах хэсэг, Кпоп худалдаа, шагнал гээд олон зүйл таныг хүлээж байх болно. Тус арга хэмжээ энэ сарын 31-ны өдөр Тэнгис кино театрт зохиогдох гэж байна. Ирсэн хүн бүхэнд энгэрийн тэмдэг, стикер бэлэглэх бөгөөд тэмцээн бүрийн ялагчдад зориулсан гарын бэлэгтэй гэнэ. Харин та тийш зорихдоо сүнсний баярт зориулсан нүүр будалт хийлгэхээ мартав аа.


НИСВАНИСИЙН БЭЛЭГ




Алдарт Нисванис хамтлаг сүнсний баярын орой Никитон клубт тоглохоор болжээ. Тус хамтлагийн ахлагч, дуучин Л.Энх-Амгалан анх хамтлагийн нэрийг Шиманус гэж өгөх байснаа дурсан ярьдаг. Тиймдээ ч сүнсний баярын орой гагцхүү тэдний дуулахыг сонсох ёстой мэт санагдана. Гэвч тус нэр металл хамтлагт илүү тохирох тул хүн бүрийн дотор нисванис бий гэсэн утгаар уг нэрийг өгчээ. Ямартаа ч өнгөрсөн 4 сард л тайзнаа гарсан тус хамтлагийнхантай сүнсний баярын оройг дуулалдан өнгөрүүлж болох гэнэ. 


САНАЛ БОЛГОХ НОМУУД


Мэдээж та энэ орой гэрээс гаралгүй ном уншиж өнгөрөөхийг илүүд үздэг бол дараах номуудыг санал болгож байна.


АРАВДУГААР САРЫН НААДААН




Орлуулагч Д.Дашмөнх тус номыг хоёр жилийн өмнөх “Халловээн”-ний баярын өмнөхөн худалдаанд гаргасан билээ. Хавтасны шийдлээс харахад л чухамхүү энэ өдөр уншихад зориулагдсан болох нь шууд анзаарагддаг. Мэдээж уг номыг та өмнө нь хэд хэдэн удаа уншчихсан байж мэднэ. Гэвч яг энэ өдөр Брэм Стөүкэрийн “Шүүгчийн байшин”, Роберт Блохын “Танд чин үнэнч зандалчин Жэк”, “Бурамтай чихэр”, Стивен Кингийн “Буг”, Рэй Брэдбэригийн “Аравдугаар сарын наадаан” зэргийг сонгож адал, сүнсний ертөнцөөр дахин нэг аялахад гэмгүй. Нөхрөө алчихаад мушилзаж суух Мэри болоод зандалчин Жэкийн сүүдэр манан нэвтлэн шургасан хүйтэн чулуун гудамжуудаар чимээ бүрийг чагнаж алхахын тулд номын хуудсан дээрх жихүүдэс төрүүлэм өгүүлбэр бүрийг нөмөрч, үг болгоныг нь бурамтай чихэр шиг амтархан хүлхэх хэрэгтэй.


ХАТСАН ГАР




“Хатсан гар” шилмэл өгүүллэгийн түүвэрт Роберт Луис Стивенсоны “Чөтгөртэй лонх” өгүүллэг багтсан байдаг. Бие зарсхийлгэж, жихүүдэс төрүүлэм зүйлс үгүй. Гэлээ дракулагийн амьдралыг амттай хөнгөн болгож, хошин байдлаар үзүүлсэн “Харанхуй зугаа” кинотой харьцуулж болно. Мэдээж эл өдөр сонирхолтой адал явдал хүсч байвал “Чөтгөртэй лонх”, “Сохрын орон” зэрэг өгүүллэгийг эргэлзэлгүй эхлүүлэх хэрэгтэй. Харин Томас Хардигийн “Хатсан гар”, Дикэнсийн “Сумчин” зэрэг өгүүллэгүүд байшингийн харанхуй булан руу удаан ширтэхээр хоёр эвэр, урт сахалтай сатаны дүр өөрөө биежих шиг төсөөлөлд автуулна. Английн сонгодог зохиолчдын шилмэл өгүүллэгүүд багтсан тус түүврийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр орчуулсан билээ.


МАСТЕР МАРГАРИТА ХОЁР




Орос, Америкийн суут яруу найрагч Иосиф Бродский “Юутай ч, судлаачид шидэт реализмыг Латин-Америкаас эхтэй гээд байдагтай би заримдаа санал зөрмөөр болдог. Булгаковоор л төсөөлөөд үзэхэд, Оросын уран зохиолд шидэт реализмын үр хөврөл бойжиж байсан юм биш үү?” хэмээн уулга алдсан байдаг. Азозеллогийн өгсөн тосыг түрхээд нисч яваа Маргарита, ямаан туруут, хууз хоёрын суулгаж өгсөн машинтай сар хүртэл хөөрөх шөнийн нислэг, бугийн бүжигт их наадам, амьдрал дээр өөрийнх нь тухай зохиол бичиж буй учир нөгөө ертөнцөд амьдрагч Понтий Пилат хэн нэгнийг цаазаар авсан ч сэтгэл нь тайтгарахгүй байх, Варьете театрт тоглогдсон “Профессор Воланд тамын шид, түүний бүрэн тайлан тоглолт”, Армана муурын тайзан дээрх хүний толгой тасдан буцааж залгах үзүүлбэр, Мастер, Маргарита хоёр Воланд болон түүний туслахуудыг даган нөгөө ертөнц рүү зорчиж буй зэрэг ид шид, далд хүчний тухай гайхалтай дүрслэлүүдээр эл роман дүүрэн. Ямартаа ч “Ёозгүй байр”, “Азарган тахианы алдар бадартугай”, “Азгүй гийчид”, “Нислэг”, “Бугийн бүжигт их наадам”, “Коровьев Армана хоёрын сүүлчийн паян” зэрэг бүлгийг сүнсний баярын өдөр сонгож уншихад тохиромжтой.

Холбоотой мэдээ