Ногоон ойг хашаандаа цогцлоосон ажилсаг бүсгүй

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2018-11-07 15:31:59

Хэнтий /МОНЦАМЭ/. Өдгөө цагт залуус ажил голоод хийдэггүй бол ахмадууд хашаагаа ойд яваа мэт сайхан тохижуулж, үр шимийг нь хүртэж явна. Тэдний нэг нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн ахмад, Хэнтий Ус ХХК-ийн өндөр настан Дармаасэдийн Наранцэцэг юм. Нийгмийн идэвхтэй, хөдөлмөрч түүнтэй хоромхон зуур ярилцав.


-Та ногоон ертөнцийг бүтээн байгуулаад хэдэн жил болж байна вэ?

-Ногоо тариад хориод жил, мод бут тариад зургаан жил болж байна. Нохойн хошуу, тэхийн шээг, улаалзгана, монос зэрэг долоон төрлийн жимсний хорь гучаад бут бий. Улаан манжин, байцаа, помидор, шар манжин, төмс, лууван зэрэг бүхий л ногоог тарьдаг.

-Таны тарьсан баялгийг хүмүүс сайн мэддэг юм билээ?

-Би мэргэжлийн ногоочин биш ч энэ бүхнийг тарих тун дуртай. Ойр хавийн хүмүүс маань манай талбайг “ойд яваа юм шиг сайхан” гэж ярьцгаадаг. Хүүхдүүд, найз нөхөд тарьсан ногоо, жимсийг амтархан идэх дуртай. Би ногоо, жимснүүдээ хүүхдүүддээ өгч, заримыг нь үзэсгэлэн худалдаагаар зарж борлуулдаг. Мөн үрсэлгээ хийж, хавар, намартаа худалдаалдаг.

-Таны ногоон байгууламжаас үлгэр жишээ аваад хөршүүд тань жимс ногоо тарьж байна уу?

-Гэр бүлийн найзуудаараа нийлж, бид нөхөрлөл байгуулсан. Нөхөрлөлийнхөн маань нийгэмд тустай зүйлс хийхийг зорьдог. Энэ зун ная гаруй настай ахмад настны гэр орныг засварлаж, янзалж өгсөн. Бид нэг нэгэндээ хийж чадахгүй зүйлийг нь хийж өгнө, өвдөж зовсон нэгэндээ тусална, хуримтлал үүсгэнэ. Их сайхан нөхөрлөл шүү. Нөхөрлөлийнхөн маань ирж төмс, ногоог маань хураалцаж өгсөн. Би энэ зун ногоо тарихыг хэд хэдэн айлд зааж өгсөн. Тэд маань бас мод тарихаар шийдээд байгаа. Нэг шуудай төмс тарихад л тав зургаан шуудай болон үрждэг. Газрын шим баян юм даа.

-Нөхөрлөлийн ажлаас гадна ямар үйл ажиллагаанд оролцдог вэ?

-Саяхан “Хэнтий Ус” ХХК  ахмадуудаа хүлээн авсан. Би энэ байгууллагынхаа гутлын тасагт уллагаа хийж ажлынхаа гарааг эхэлж байлаа. Дараа нь гутлын эсгүүрчнээр олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Манай гуравдугаар багийн ахмадууд “Жавхаат хэмнэл” аэробекийн улсын уралдаанд нэгдүгээр байрт шалгарч, алтан медаль авсан.

Өнгөрөгч хавар бид аймгийн уралдаанд оролцож хоёрдугаар байрт шалгарч байлаа. Цонжин болдог, Мойлтын тохойн сувилалд аймгийн удирдлагуудын дэмжлэгээр энэ жил бид сайхан аялаад, амраад ирсэн.Олон сайхан зүйлс үзэж, сэтгэлээ сэргээсэн дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлсэн. 

Холбоотой мэдээ