Оросын Ард түмний эв нэгдлийн баяр тохиов

Хилийн чанадаас
nandintsetseg@montsame.gov.mn
2018-11-05 13:24:06

Москва /МОНЦАМЭ/. Жил бүрийн 11-р сарын 4-ний өдрийг Оросын Ард түмний эв нэгдлийн баяр буюу бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

Энэхүү баярын түүхийг сөхвөл 1612 онд Москва Польшийн армид эзлэгдэн, Оросын ард түмэнд их зовлон тохиоход хунтайж Дмитрий Похарский, энгийн иргэн Кузьма Минин нар өөрсдийн санаачлагаар ард түмнээ цуглуулан улсаа аврахаар Нижний Новгород хотоос Москва руу хөдөлсөн байдаг. 

Атаат дайснаас улсаа аврах үйлст ноёд түшмэдээс эхлээд энгийн тариачид хүртэл нэгдэж тухайн үеийн хамгийн том армийг бүрдүүлсэн юм. Сайн дурын дайчид Польшийн түрэмгийллээс улсаа аварч 1613 онд нэгдүгээр Михаил Романов хаан ширээнд заларснаар Оросын зовлонт цаг үе дуусгавар болсон хэмээн үздэг. 

Энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Орост төрж өссөн, сэтгэл зүрхээрээ Оростой хамт байдаг Серб, Чех, АНУ, Ливан, Ирландын соёл урлаг, нийгэм, улс төрийн зүтгэлтнүүдийг Кремлийн ордонд хүлээн авч “Найрамдын медаль” гардууллаа.  

“Хэдий 400 жил өнгөрсөн ч эх орноо гэсэн сэтгэлээр нэгдсэн олон үндэстэн ястны баатарлаг гавьяа мартагдашгүй. Тэд зөрчилдөөн, урвалт, зовлонт цагт цэг тавьж, Москвагаас довтлогчдыг хөөж гарган, эв нэгдлээ бататгасан. Бидний хувьд эх оронч үзэл гэдэг ард түмний дийлэгдэшгүй сэтгэлийн хүч чадлын үндэс суурь билээ. Эх оронч мэдрэхүй бидний генд хадгалагдаж байдаг үндэсний соёлын чухал хэсэг” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн шагнал гардуулах үеэрээ тэмдэглэв.

Дашрамд дурдахад 1818 оноос хойш одоог хэр нь Хунтайж Дмитрий Похарский, түүний туслах Кузьма Минин нарын хөшөө Москвагийн зүрх Улаан талбайд сүндэрлэн байдаг.

Холбоотой мэдээ