Дойче Велле: Йеменд хэн нь хэнтэйгээ, юуны төлөө дайтаж байна вэ?

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-11-06 13:28:15

Йеменд болж буй дайн байлдааны талаарх мэдээллийг ерөнхийд нь ажиглаваас, нэг талаас Ираны дэмжлэгийг авч буй исламын шашны шиит урсгалыг дагагч босогчид болох хуситууд, нөгөө талаас, Саудын Аравиар дэмжүүлсэн исламын шашны суннит урсгалыг баримтлагчдын хооронд тулалдаан болж байна. Гэтэл үнэн хэрэгтээ бол сөргөлдөгч хүчнүүдийн харьцаа, хуваарилалтыг харваас үүнээс хавьгүй илүү нарийн түвэгтэй дүр зураг гарч ирнэ. 


Йемен бол 25 сая гаруй хүн амтай, Арабын ертөнц дэх хамгийн ядуу улс орнуудын нэг юм. Хүн амын талаас яльгүй илүү хувь нь суннитүүд бол бусад нь шиитүүд. Шиит босогчид болох хуситууд одоогоор тус орны нутаг дэвсгэрийн ихэнхийг хяналтандаа оруулж, нийслэл Сана хотыг эзлэн аваад байна. Иран улс зэвсэг нийлүүлэх замаар шиитүүдийг дэмжиж байгаа бол Саудын Арави улс бусад орнуудтай хамтран хусит босогчдод агаараас цохилт өгсөөр байгаа юм. Өнгөцхөн ажвал, ийм л дүр зураг харагдаж байна. Гэтэл үнэн хэрэгтээ бол, Йеменд фронтын шугам нь байнга өөрчлөгдсөөр буй “бүгдээрээ бүгдийн эсрэг” дайн болж байгаа юм.    


Хямралын эх сурвалж

Шашны урсгалуудын хооронд дэгдсэн хямрал нь бүс нутгийн сөргөлдөөнтэй хутгалдаад байна. Шиитүүд нь ихэвчлэн Йемений нутгийн хойд хэсэгт, Саудын Аравитай залгаа хил орчмын уулсаар амьдардаг бол суннитууд өмнөд нутагт суурьшжээ. Йемен улс 1990 оныг хүртэл хуваагдмал байсан бөгөөд Өмнөд Йеменд социализм байгуулах араб маягийн хувилбарыг туршиж байв. Улс орон нэгдсэний дараа өмнөдийнхөн өөрсдийгөө хавчигдан шахагдсан гэж үзэж байсан нь “Аравийн хойг дахь Аль-Каида” бүлэглэл Йеменд байр сууриа бэхжүүлэхэд дөхөм болжээ.  

Йемений төр засаг байнга л солигдсоор ирлээ. Улс орныг олон жил удирдаж байсан дарангуйлагч Али Абдулла Салех хусит босогчдын талд орсон байна. Харин 2012 онд ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади төрийг эрхийг авсан боловч зэвсэгт мөргөлдөөний явцад тэрбээр энэ оны 1 дүгээр сард огцорчээ. Хэсэг хугацааны дараа тэрбээр огцорсон шийдвэрээ үгүйсгэсэн боловч шиит босогчдын давшилт ширүүссэн тул Саудын Арави руу зугтахаас аргагүйд хүрсэн байна.

Арми, төрийн албаныхан хагаралдан хуваагдаж, дийлэнх нь хуучин ерөнхийлөгчийг дэмжиж байгаа бол бусад нь дарангуйлагч Салехад үнэнч хэвээр байна. Харин омог аймгууд янз бүрийн шалтгаанаар хоёр талыг ээлжлэн дэмжсээр байгаа аж.

Шиит босогчид юуны төлөө дайтаж байна вэ?

Хуситууд өөрсдийгөө “Ансар Аллах” гэж нэрлэдэг. 2004 онд тухайн үеийн засгийн газраас исламын шашны суннит урсгалыг хүчээр тулгах гэсний хариуд хуситууд зэвсэгт бослого дэгдээжээ. Тэд дарангуйлагч Салехыг түлхэн унагахад идэвхтэй оролцсон боловч Хадигийн засгийн газарт тэдний төлөөллийг оруулаагүй аж. Өөрсдийгөө хууртагдсан гэж үзсэн хуситууд зэвсэгт тэмцлээ үргэлжүүлсээр.  



“Аугаа их Аллах, Америкт үхэл, Израильд үхэл, еврейчүүдийг хараал идэг, ислам ялна” – эдгээр нь “Ансар Аллах”-ын гол урианууд юм. Тус бүлэглэл нь түлхэгдэн унасан засгийн газрыг “авлигад идэгдсэн”, “суннитийн хэт туйлширсан үзэл” гаргасан хэмээн буруутгадаг. Засгийн газар дүрвэн зугатсаны дараа хуситууд түр засгийн газрыг байгуулжээ. Тэд Йеменийг бүхэлд нь хяналтандаа оруулж чадна гэж үзэж байсан боловч өмнөд нутаг руу давших явцад “Аль-Каида” бүлэглэл, “ардын хороо” болон янз бүрийн омгуудын эсэргүүцэлтэй тулгарсан байна. 

«Аль-Каида» бүгдийн эсрэг дайтаж байна

“Аравийн хойг дахь Аль-Каида” бол “Аль-Каида” террорист байгууллагад хамаардаг хамгийн аюултай салбар бүлэглэл бөгөөд Йемений өмнөд нутгийн зарим хэсгийг хяналтандаа авчээ. “Аль-Каида”-гийнхан зугтан дүрвэсэн ерөнхийлөгч Хади, Саудын Арави болон хусит босогчдын аль алиныг нь  өөрийн дайснаа гэж үздэг байна. Хади дайсан гэгдсэний учир нь, тэрбээр нисгэгчгүй онгоц ашиглан “Аль-Каида”-гийн хуарангууд руу дайрахыг америкчуудад зөвшөөрсөн аж.   

“Ардын хороод” ч мөн адил зарим үед “Аль-Каида”-г дэмждэг байна. Түүнээс гадна, байлдааны ажиллагааны явцад тус бүлэглэлийн олон зуун гишүүд тэнгисийн боомт хот болох Аден-ы шоронгоос оргожээ. Харин нийслэл Сана хот дахь шиитүүдийн сүм рүү амиа золиослогчид дайрч, 140 хүнийг хөнөөсөн хэргийн хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна. Аден хот одоо хусит босогчдын хяналтанд байгаа юм.  

Саудын Арави ба Ираны хоорондох өрсөлдөөн

Йеменд дэгдсэн иргэний дайн нь “бусдын гараар өдөөгдсөн сонгодог хэлбэрийн дайн” болж хувирахад ойрхон байна. Шиит урсгалынхан зонхилдог Иран улс тэнгис болон агаарын замаар хусит босогчдод зэвсэг нийлүүлсээр байгаагийн хариуд Саудын Арави улс нефтийн эмирт улсууд болон Египеттэй хамтран эвсэл байгуулж, хуситуудын эсрэг агаарын дайн явуулж эхэлсэн билээ. Түүнээс гадна, Йеменд хуурай замын цэргийн ажиллагаа явуулж болохыг саудчууд үгүйсгэхгүй байна. Үүний сацуу тэд “Аль-Каида”-г шууд бус хэлбэрээр дэмжиж байгаа гэдэгтэйгээ эвлэрчээ.  

Энэ бүхэн нь бүс нутагтаа давамгайлахын тулд Иран болон Саудын Аравийн хооронд дэгдсэн сөргөлдөөний нэг л хэсэг юм. Ливанд суннитуудын байгуулсан төв засгийн газрыг саудчууд дэмжиж байгаа бол Иран улс шиитүүдийн “Хэзболла” зэвсэгт бүлэглэлийг дэмждэг. Иранчууд Сирийн дарангуйлагч Асадыг дэмждэг бол Саудын Арави суннитуудын зэвсэгт бүлэглэлүүдийг дэмждэг гэх мэт.   

Одоохондоо хямралд татагдан орсон талуудын аль нь ч хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдээгүй байгаа юм. Гэтэл сунжирсан хямралыг цэрэг зэвсгийн хүчээр шийдэх гарц харагдахгүй л байна.


Орчуулсан: Б.Адъяахүү

Эх сурвалж: https://inosmi.ru/world/20150403/227279805.html

 

 

Холбоотой мэдээ