“Facebook” сонгуулийн явцын талаарх худал мэдээллүүдийг шуурхай устгаж байна

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2018-11-07 12:14:29
НЬЮ-ЙОРК. /TASS/. “Facebook” нийгмийн сүлжээнд тавигдсан АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн санал хураалтын талаарх худал мэдээллүүд, мөн сонгогчдыг төөрөгдөлд оруулж болзошгүй бусад нийтлэл материалуудыг тус компанийнхан шуурхай устгаж байгаа тухай телевизийн “CNN” суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, мягмар гарагт “Facebook” нийгмийн сүлжээ сонгууль явуулах өдрийг буруу ташаа мэдээлсэн хэд хэдэн нийтлэлийг устгасан байна. Үүнээс гадна, АНУ-ын Цагаачлал болон гаалийн албаныхан хууль бус цагаачдыг илрүүлж, баривчлахын тулд сонгуулийн хэсгүүдээр эргүүл хийж байна гэх худал мэдээллийг устгажээ.

Дээрх мэдээллүүдийг АНУ-д эсвэл гадаадад бүртгэлтэй хаягуудаас нийтэлсэн эсэх талаар тус нийгмийн сүлжээ тодорхой мэдээлэл өгөөгүй болохыг “CNN” суваг мэдээлж байна.

“Facebook” компанийнхан сонгуулийн явцыг тасралтгүй ажиглаж байгаа бөгөөд АНУ-ын Засгийн газартай байнгын холбоотой ажиллаж байна гэж тус компанийн мэдэгдэлд дурдсаныг “CNN” суваг уламжилжээ.


АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн санал хураалт 11 дүгээр сарын 6-нд орон нутгийн цагаар 05:00 цагт Вермонт муж улсын санал хураах байрууд нээгдсэнээр эхэлсэн бол Хавай муж улсын санал хураах байрууд орон нутгийн цагаар 18:00 цагт хаагдсанаар дуусна.
Холбоотой мэдээ