Завхан сумынхан 140-өөд тэмээтэй жин тээж Улаангомд ирлээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-11-07 16:49:57

 Увс /МОНЦАМЭ/.Завхан сумын “Сум сурталчлах өдөр“   Улаангом хотноо 11 дүгээр сарын 07-нд эхэллээ. Тус сум аймагтаа хамгий олон тэмээтэй бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцохоор  Завхан сумынхан 140-өөд тэмээн жинг тээж 30 гаруй жинчин иржээ.

Тэд Сангийн далайн давс, ингэний хоормог, нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дээж зэргийг 140-өөд тэмээндээ ачиж, 180 орчим км замыг гурав хоногийн хугацаанд туулсан байна. Тэмээн жингийн цуваа өглөө Улаангом хотноо орж ирэхэд төв замын хөдөлгөөнийг хааж, цагдаагийн хамгаалалт дор Б.Гиваан баатарын талбайд очиж, улмаар Завхан сумыг сурталчлах үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм.


  Энэ үеэр урлагийн тоглолт, тус суманд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээ унасан хосуудын жагсаал, тэмээ томнох үзүүлбэр зэрэг арга хэмжээ боллоо.


 

“Эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг тохиолдуулаад манай сумынхан үндэсний өв соёлоо дээдлэх, тэмээн сүргээ сурталчлах зорилгоор аймгийн төвд 140-өөд тэмээтэй 30 гаруй жинчин ирж, хоёр өдрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ үеэр тэмээ унах, ачих, айраг бүлэх, Завхан суманд хийж байгаа бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргах зэрэг үйл ажиллагаа болно. Мөн орой Завхан сумын уран сайханчдын тоглолт “Ойрад” театрт болно. Жинчид маань манай нутгийн брэнд болсон давсыг тээж ирсэн.

Буцахдаа өвөлжилтийн бэлтгэлээ хангаад өвс тэжээл, гурил будаагаа ачаад буцна. Манай сумын төрийн албан хаагчид, иргэд гэх мэт 200 гаруй хүн энэхүү арга хэмжээнд оролцохоор сумаасаа ирсэн. Бүх хүмүүс үндэсний дээл хувцсаараа гоёсон. Маргааш тэмээ унах, тэмээтэй хамт зураг авахуулах, Улаангом хот дахь Нутгийн зөвлөлийн гишүүдтэйгээ уулзах зэрэг үйл ажиллагаа болно” хэмээн сумын Засаг дарга Д.Пүрэвгончиг хэллээ.

Увс аймгийн Завхан сум нь 1973, 1989 онд “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэж байсан түүхтэй аж. 1989 оноос хойш 30 жилийн дараа буюу ирэх 2019 онд гурав дахь удаагаа тэмээн сүргээ түмд хүргэсэн бахдам амжилтаар “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэх гэж байна.

Энэ түүхэн үйл явдлыг угтаж “Сум сурталчлах өдөр”-ийг 11 дүгээр сарын 7-нд Улаангом хотноо зохион байгуулж байгаа нь энэ аж. Тус сум нь 1925 онд үүсэн байгуулагдсан бөгөөд 93 жилийн түүхтэй говь, хээрийн бүсэд оршдог, Завхан, Хүнгүй голууд, Зогсоо, Гилбэн уулс, Айраг, Хяргас нуурын үзэсгэлэн цогцолсон, дөрвөд, сартуул ястны өлгий нутаг юм.

Завхан сум нь 150 мянган толгой малтай, 2000 гаруй хүн амтай, Увс аймагтаа төдийгүй, баруун бүс нутагтаа тэмээн сүргээрээ тэргүүлдэг. Завхан сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар нэг, Монгол Улсын Гавъяат цолтон 21, эрдэмтэн, доктор 16, Улсын аварга малчин 9, Ахмад дайчин 27 төрөн гарчээ.

 

 

Холбоотой мэдээ