Арвайхээрийн 300 гаруй өрхийн гишүүдийг чадавхижуулах төсөл хэрэгжиж эхэллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-11-07 16:38:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Өвөрхангай аймаг дахь хөгжлийн хөтөлбөрөөс “Өрхийн хөгжил-320” төслийн нээлтийг Арвайхээр суманд 11 дүгээр сарын 07-нд зохион байгууллаа.

Энэ “Халамжийнх биш хөгжлийн төсөл юм” гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Тодруулбал, баг, сумын удирдлагуудтай хамтарч, Арвайхээр сумаас тодорхой шалгуураар 320 өрхийг сонгон авсан бөгөөд өрхийн гишүүдийг бизнесийн мэдлэгтэй болгох, санхүүгээ оновчтой удирдах чадварыг олгох, тэдний эрүүл мэнд, оюун санаа болон эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах аж.

Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ “Манай иргэд ажлын байр зарлахаар ирдэггүй, эсвэл өдрийн 30-40 мянган төгрөгийн цалин голоод явчихдаг тал бий. “Хүн ажлыг голох биш ажил хүнийг голдог” гэх үг байдаг. Шал угааж чадахгүй хүн үйлчлэгчийн ажлыг ч хийж чадахгүй.

Энэ бол ажилдаа гологдож байгаагийн нэг хэлбэр. Нөгөө талаар хүнсний талон зэрэг зарим нийгмийн халамжууд хэт бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байна. Ийм байдлыг өөрчилж, хүн хөдөлмөрлөж, хөлс хүчээ гаргаж байж амьдрал сайжирдаг гэдгийг ойлгуулах зорилгоор энэ төсөл хэрэгжиж байгаа” гэв. Төсөл 2018-2021 он хүртэл зөвхөн Арвайхээрт хэрэгжинэ.

Холбоотой мэдээ