“С-400” цогцолборуудыг Энэтхэгт 2020 оны намраас нийлүүлж эхэлнэ

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2018-11-07 16:28:40
МОСКВА. /TASS/. Зенитийн пуужингийн “С-400” "Триумф" цогцолборуудыг Энэтхэгт 2020 оны намраас нийлүүлж эхлэхээр төлөвлөж байгаа тухай ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны захирал Дмитрий Шугаев мэдээлжээ.

“Аравдугаар сард болсон Орос-Энэтхэгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцооны дагуу уг цогцолборыг хоёр жилийн дараа нийлүүлж эхэлнэ” гэж Шугаев хэлсэн байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Энэтхэг улсад 10 дугаар сард хийсэн айлчлалын үеэр хоёр тал олон тэрбум долларын үнийн дүн бүхий зэвсэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь ажиглагчдын анхаарлыг ихэд татсан билээ. Тодруулбал, Орост үйлдвэрлэсэн зенитийн пуужингийн С-400 “Триумф” цогцолборыг Энэтхэг улсад нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Агаарын довтолгооноос хамгаалах уг системийн 5 цогцолборыг Энэтхэг улс 5 тэрбум 430 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ба ингэснээр тус улс "С-400"-г худалдан авсан гадаадын гурав дахь орон болж байна. Өмнө нь уг зэвсгийг Хятад, Турк хоёр худалдан авсан юм.
Холбоотой мэдээ