Цахилгаан автомашины цэнэглэгч станцуудыг байрлуулна

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2018-11-07 17:58:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын дэвшүүлсэн “Ногоон хот” зорилтын хүрээнд цахилгаан автомашины цэнэглэгч станцыг нийтийн эзэмшлийн авто зогсоол, талбайд байрлуулах ажил эхэллээ.


Цэнэглэгч станцуудыг “Глобал моторс”, “Номин ойл” болон “Топологи” компани энэ ондоо ашиглалтад оруулах үүрэг хүлээж байгаа бөгөөд энэхүү үйлчилгээтэй холбоотой аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжийг энгийн ойлгогдохуйц байдлаар хийж байрлуулах, цахилгаан машины хэрэглээг сурталчлах ажлыг давхар хийж гүйцэтгэх аж.


Манай улсын хувьд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих хамгийн чухал эдийн засгийн ач холбогдол нь импортоор авдаг шатахууны зардлыг бууруулж, вальютын нөөцийг хэмнэн, дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах явдал юм. Тиймээс НЗДТГ, нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байгаа автомашины яндангаас гарах хорт утааг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй, стратегийн ач холбогдолтой цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор авто замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөөд байна.


Цахилгаан тэжээлт автомашины хэрэглээ дэлхий нийтэд 2008 оноос эрс нэмэгдсэн ба түлшинд зарцуулах эдийн засгийн хэмнэлт, байгаль орчны хүчин зүйл, нийгмийн эерэг өөрчлөлт, нэр хүндийн баталгаа болдог зэрэг шалтгаан нь иргэдийн худалдан авалтад гол нөлөө үзүүлж байна. 15-20 жилийн дараа томоохон автомашин үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэх автомашины 90 хувийг цахилгаан автомашин эзлэх судалгаа гарсан байдаг. Дэлхийн хамгийн том автомашины зах зээл болох БНХАУ шатахуунаар ажилладаг автомашины үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж буй бол Энэтхэг улс 2030 он гэхэд бүх автомашиныг цахилгаан хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Их Британи болон Франц улсууд ойрын 20 жилийн дотор бензин болон дизель түлшээр ажилладаг автомашины худалдааг зогсоохоо мэдэгдээд байгаа билээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээр улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, цахилгаан автомашин, түүний сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгчдийн төлөвлөлтөөс үзэхэд 2025 он гэхэд цахилгаан машины хэрэглээ 40-70 саяар нэмэгдэх хандлагатай байгаа. Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлах цэнэглэгч станцын тоо жилд 72 хувиар, цахилгаан машины үйлдвэрлэл 60 хувиар өсч байна. Үүнд байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хэрэглээний өсөлт, цэнэг хураагуурын технологийн шинэчлэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.


Холбоотой мэдээ