Замын хөдөлгөөний шинэ дүрмийг сурталчилж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2018-11-08 15:36:52

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Монгол Улсын Замын хөдөлгөөний шинэчилсэн хууль  хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой дүрмийг иргэдэд сурталчилж байна.

Дүрмийг мөрдөж эхлэхээс өмнө буюу 10 дугаар сарын 25-наас эхлэн Завхан аймгийн 24 сум, 56 байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагч, иргэдэд нийт 32 удаагийн сургалт, сурталчилгааны ажлыг хийжээ. Харин 11 дүгээр сарын 1-нээс  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн хууль мөрдөгдөж байгаатай холбоотойгоор тус тасгаас дүрмийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа юм. Тухайлбал хот суурин дотор жолооч нарт энэхүү дүрмийг биечлэн танилцуулах, сурталчилгааны материал тараах үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа.

Мөн иргэд, олон нийтэд дүрмийг сурталчлах, таниулах зорилгоор дүрэм мөрдөгдөж эхэлж байгаа эхний өдрүүдэд замын хөдөлгөөний дүрэмд шинээр орсон нэмэлт өөрчлөлтүүдийг зөрчсөн жолооч нарыг торгохыг урьтал болголгүйгээр тухайн дүрмийн заалтыг тайлбарлах, сануулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Харин хуучин мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Хөдөлгөөнд оролцогчдын хувьд Замын хөдөлгөөний дүрмээ сайтар уншиж судлах төдийгүй дагаж мөрдөн биелүүлэх хэрэгтэйг Завханы Замын цагдаагийн тасгаас анхааруулж мэдээлэв.

Дашрамд шинэ дүрэмд орсон өөрчлөлтүүдээс дурьдвал  явган зорчигч нь зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин гэх мэт зүйл уншихыг хоригложээ. Мөн зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглосон байна. Харин хороолол дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг жолоочид хоригложээ.

Мөн жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээнэ. Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ. Түүнчлэн жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглосон байна.

Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болсон аж.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ