НҮБ-ын Хүүхдийн сангийн "Орны хөтөлбөр"-ийн тайлангийн хурал боллоо

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2018-11-08 11:08:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2017-2021 онд хэрэгжүүлж байгаа Орны хөтөлбөр (Country Programme)-ийн 2018 оны тайлангийн хурал энэ сарын 7-ны өдөр ГХЯ-нд боллоо. Тайлангийн хуралд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд болох холбогдох яамд, агентлагийн төлөөлөгчид, төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа орон нутгийн төлөөлөл оролцов.


Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга О.Алтансүх, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс нар хурлыг нээж хэлсэн үгэндээ энэхүү хөтөлбөр нь олон улсын хэмжээнд тохирсон хөгжлийн зорилтууд болон Монгол Улсад НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ баримт бичигтэй нягт уялдаж, хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний  хөгжил, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцлийг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд тулгараад байгаа чухал асуудлуудын нэг болох агаарын бохирдлыг бууруулах, шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаа, түүнд суурилсан зөвлөмж, арга хэмжээнүүд болон Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт хэрэгжүүлж байгаа “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн ач холбогдлыг тэмдэглэлээ.


Тайлангийн хурлаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн үндсэн гурван зорилт (1. хүүхдийн эсэн мэнд амьдрахуй ба хөгжил, 2. хүртээмжтэй, эрүүл чанартай сургалтын орчинг бий болгох, 3. тэгш боломж бүхий нийгмийн бодлого, хамгааллын тогтолцоог хөгжүүлэх)-ын хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөлөгчид өнгөрсөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүн болоод тулгамдаж буй асуудал, ирэх жилийн төлөвлөгөө, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, санал солилцсон. Уг хурлаар гарсан санал, зөвлөмжүүдийг 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлэх бөгөөд мөн онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2017-2021 онд хэрэгжүүлж байгаа Орны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх тайлангийн хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ