Хошууч генерал С.Санжмятавын 90 насны ойг тохиолдуулан баяр хүргэв

Монголын мэдээ | Нийгэм
dogsom@montsame.mn
2018-11-08 12:58:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д амьдарч байгаа өндөр настан генералуудын төлөөлөл болох хошууч генерал С.Санжмятав гуайн 90 насны ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар нар гэрт нь зочлон баяр хүргэж, урт удаан наслах ерөөлийг дэвшүүлэн мөнгөн аяга алд цэнхэр хадаг өргөн барив. 

Хошууч генерал С.Санжмятав нь 1928 оны 11 дүгээр сарын 05-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн юм. 1945 оноос 1989 он хүртэл Монголын Ардын Армид алба хаахдаа байлдагчаас хошууч генерал, Иргэний агаарын тээврийг удирдах Ерөнхий газрын дарга, ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч дарга, МАА-ийн нисэх хүчний командлагч хүртэл дэвшин ажиллаж, улс армидаа 44 жил алба хашсаны 31 жилийг нисэх хүчний эгнээнд, түүний 20 жилийг нь агаарын хөлгийн жолоон дээр өнгөрөөжээ.Тэрбээр нисэхийн байгууллагад ажиллан Иргэний агаарын тээврийн 1 дүгээр зэргийн нисгэгч цол хүртсэн ба агаарын шугамд По-2, Ан-2, Ил-14 зэрэг 7 загварын нисэх онгоцоор нийт 7750 гаруй цаг ниссэн туршлагатай нисгэгч юм. 

1989 онд өндөр насны тэтгэвэрт гарч өдгөө эхнэр Марченко Валентина Леонтьевна, хоёр хүүгийн хамт ОХУ-ын Москва хотын Щёлковын дүүргийн “Звездный городок” хотхонд амьдарч байна.

Холбоотой мэдээ