АНУ-ын Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимын олонхи боллоо

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-08 14:12:12
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /VOX/. Өчигдөр болсон АНУ-ын завсрын сонгуулиар Ардчилсан намын гишүүд Төлөөлөгчдийн танхимын олонхи болж, Бүгд Найрамдах намын гишүүд Сенатын танхимд олонхи хэвээр үлдлээ.


Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд 222 суудал, Бүгд Найрамдах нам 196 суудал авсан байна. Харин Сенатын танхимд Бүгд Найрамдах нам 51, Ардчилсан нам 46 суудал авчээ.


Ардчилсан намын гишүүд Төлөөлөгчдийн танхимд олонхи болж чадсанаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эрх мэдлийг хянах боломжтой болж байна.


Харин Бүгд Найрамдах намынхны хувьд Сенатын танхимд олонхи байсан байр сууриа хэвээр хадгалж, өмнө нь байснаасаа илүү олон суудалтай болсон байна.


Үүний зэрэгцээ Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонхи болсноор Бүгд Найрамдах намынхан ямар нэгэн хуулийн төслийг дангаар батлах боломжгүй болсон гэсэн үг юм. Мөн Ардчилсан нам олонхи болж чадсанаараа зарлан дуудах эрх мэдэлтэй болж байгаа бөгөөд энэ эрх мэдлийнхээ хүрээнд тэд Трампын Засаг захиргааны үйл ажиллагаа, бодлогыг хянаж, шалгах боломжтой юм. Гэвч Ардчилсан намынхан Сенатын танхимд олонхи болж чадаагүй учир Дээд шүүх, Засгийн газрын гишүүд болон бусад албан тушаалтнуудыг томилдог Трампын эрхэнд хориг тавих эрхгүй юм.

Холбоотой мэдээ