“Анхны тусламж амь нас аварна” тэмцээн боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-11-08 16:50:49

           

 Увс /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсроын сургуулийн багш ажилчдад аливаа гамшиг осол, гэмтлийн үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх, бэлэн байдлыг хангуулах зорилгоор аймгийн Улаан загалмайн хороо, Онцгой байдлын газар хамтран “Анхны тусламж амь нас аварна тэмцээнийг өчигдөр зохион байгууллаа.

Тэмцээнд аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиуд  болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын баг хамт олон оролцож, багийн мэндчилгээ, эрүүл мэндийн анхны тусламжийн үзүүлбэр, асуулт хариулт, анхны тусламжийн нөхөрлөл байгуулсан байдал, чөлөөт сэтгэлгээ, гэрийн даалгавар зэрэг төрлөөр өрсөлдсөн байна.

Тэмцээний нийлбэр дүнгээр 1-р байрыг Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн баг хамт олон эзэлжээ. Харин  хоёрдугаар байрыг ерөнхий боловсролын гуравдугаар сургууль, гутгаар байрыг Ерөнхий боловсролын  тавдугаар сургуулийн баг хамт олон тус тус эзлэв.

Анхны тусламж нь гэмтсэн болон өвчтэй хүнд эмнэлгийн мэргэжлийн тусламж ирэх хүртэл хүний амь насыг аврах хүсэл тэмүүлэл бүхий хүмүүнлэгийн үйл ажиллагаа аж. Байгалийн болон хүний үйл ажиллагаанаас гаралтай гамшиг, аливаа осол гэмтэлтэй үед хүний амь насыг аврах, зовлон  шаналалыг багасгах, нэрвэгдэгсэдэд туслах, тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж тайтгаруулан хамгаалахад бүхий л бололцоог ашиглаж бэлэн байдлыг хангах нь бидний гол үүрэг.

Тэгвэл энэхүү “Анхны тусламж амь нас аварна тэмцээнийг жил бүр зохион байгуулж, үүгээрээ дамжуулан төрийн байгууллагын албан хаагчид, анхны тусламжийн нөхөрлөлүүдийн анхны тусламж үзүүлэх ур чадварыг дээшлүүлэх, улмаар хүн амын дунд энэ талын ойлголт ур чадварыг нэмэгдүүлэхийг бид зорьж байна” хэмээн аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Д.Өлзийт хэлэв.

 

 

 

Холбоотой мэдээ