Ахуйн шинжтэй, явцуу эрх ашгийн үүднээс хандсан өргөдөл, гомдол их ирүүлдэг гэв

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 00:32:54

Хүний эрхийн комиссын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Ж.Уранбилэгээс  зарим зүйлийг тодрууллаа.

Түүний хэлж буйгаар орон нутгийн иргэдээс ирүүлж буй өргөдөл гомдлын дийлэнхийг  гэр бүлийн маргаан,  гэр бүлээ цуцлуулах, хөдөлмөрлөх эрх, ажлаас үндэслэлгүй халах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хөндсөн байхаас гадна ажилд оруулж өгөөч гэх юм уу эсвэл хэн нэгнийг муулсан, явцуу эрх ашгийн үүднээс хандсан   хандлага их байдаг аж.  2015 оны байдлаар комиссын мэргэжилтэн гурван иргэний өргөдөл гомдлыг бүрэн шийдвэрлэж, 56 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгчээ.

Мөн энэ онд  хүний эрхийн өдөрлөгийг Дорноговь аймагт  зохион байгуулсан, урьдчилан хорих саатуулах байруудаар явж хяналт шалгалт хийсэн, сум,  аймгийн Засаг дарга болон, аймгийн ИТХ-аас гаргасан тогтоолын хэрэгжилтэд анализ дүгнэлт гаргасан гээд томоохон ажлыг  онцлов.

Орон нутагт ажилладаг мэргэжилтнүүд хүний эрхийн үндэсний комисст иргэдээс хаяглаж ирүүлсэн өргөдөл гомдол бүхнийг хянаж үзээд дээш нь мэдээлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх, холбогдох материал цуглуулж, шаардлагатай заавар зөвлөгөө өгч ажилладаг байна.

Дашрамд дурдахад Хүний эрхийн комисс хуулийн дагуу шүүхийн шатандаа яваа, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг, эрүүгийн  болон захиргааны хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглосон байдаг аж.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ