21 иргэн 18.8 сая төгрөгийн дэмжлэг авна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-14 09:58:33
oyuka_hu@yahoo.com

Засаг даргын захирамжийн дагуу эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч дөрөв, өөрийн хөрөнгөөр зоорь барьсан 10, хүлэмжийн аж ахуй эрхлэгч 7 иргэнд 700.000-1 сая 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

.Орхон аймгийн Засаг даргын 2010 оны захирамжаар “Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, зоорь, хүлэмж барьсан” иргэдэд дэмжлэг үзүүлэх журмын дагуу дээрх мөнгийг олгоно. Эл журмын шаардлагад нийцсэн 21 иргэн байна. Тэдэнд 18.8 сая төгрөг өгнө. Орхон аймгийн иргэдийг эрүүл, чанартай хүнс, бүтээгдэхүүнээр хангах, тариаланчдын ногоог найдвартай хадгалах зоорь барьсан иргэд, аж ахуйн нэгжийг жилд нэг удаа ингэж мөнгөөр дэмжиж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хийж байгаа ажээ. Дашрамд дурдахад, Орхон аймагт 254 зоорь, 186 хүлэмж, 24 иргэн эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байна. Ирэх онд дээрх журмын дагуу дэмжлэг үзүүлэх  мөнгийг 20 сая төгрөгөөр баталжээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ