Цахилгааныхаа төлбөрийг төлөх хугацааг сунгах санал гарчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-14 10:01:25
oyuka_hu@yahoo.com

Хоёр сарын өмнө иргэн Б.Алтаншагай “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн зарим үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргаж түүнийгээ олон нийтэд мэдээлж байсан. Тодруулбал, айл өрх бүр хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчнийхээ төлбөрийг сар бүрийн 5-10-ны хооронд төлөөгүй бол алданги авдаг нь шударга бус гэж үзжээ.

Учир нь ажилчдын цалин ихэвчлэн сар бүрийн 15, 30-нд буудаг. Гэтэл үүнтэй уялдаж үйлчилгээгээ тохируулахгүй байгаа нь хэрэглэгчдийг хохироож байна гэсэн юм. Иймд энэ талаар иргэдээс санал асуулга авч дүнг нь “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хүргүүлэхээр болжээ. Үүний тулд “Иргэний хяналт-Хэрэглэгчийн төлөө” ТББ цахилгааны төлбөрийг бичилт хийснээс хойш 15 хоногт төлөх, иргэд цахилгааныхаа хэрэглээг мэддэг байх, алданги тооцох хугацааг тодорхой буюу иргэдэд мэдээлж байх гэсэн асуулгаар саналын хуудас тараажээ. Үүнийг 10 багийн 7000 өрхөд илгээж саналын дүнг нэгтгэх гэнэ. Одоогийн байдлаар 2500 хуудас нь бөглөгджээ.  Үүнээс гадна монтёрын тоог нэмэх, шөнө ээлжийн монтёр ажиллуулах, гэр хорооллын иргэд өөрсдийн хашаандаа цахилгааны тоолуураа байрлуулах, эрчим хүчний шугам гэмтсэн, түүнээс үүдэх гэмтлийг яаж шийдвэрлэхийг тодорхой болгох зэрэг хэд, хэдэн санал гарчээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ