Өнгөрсөн онд картаар 852 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгджээ

Видео
montastudio@montsame.gov.mn
2015-09-10 16:56:02

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 3,3 сая ширхэг төлбөрийн карт ашиглагдаж байгаа нь 10 хүн тутамд 11 ноогдож байна гэсэн тооцоо юм.  Монголын банкны салбарт бэлэн бус гүйлгээнд шилжих дэлхийн зарчмыг баримталж байна. Олон улсын хэмжээнд нийт гүйлгээний 75 хувь нь бэлэн бусаар хийгдэж байхад манай улсад бэлэн гүйлгээ нь 87 хувьтай байна. Мөнгөний соёлтой хэрэглээний нэг хэлбэр болох төлбөрийн картын системийг нийтийн хэрэглээнд хэвшүүлж болох ч сүлжээний аюулгүй байдлын хамгаалалтанд эрсдэл үүсэхээс сэргийлэх  программ хангамжийн төгс хэлбэрийг хэвшүүлэх асуудал аль ч орны системд үүссэн тулгамдсан асуудал юм байна. Өнөөдөр энэ тухай  “Төлбөрийн картын эрсдэлийн олон улсын зөвлөгөөн-2015” -аар онцолж бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх арга замуудаа тодорхойллоо.
Монгол банкны ҮЦГТ-с гаргасан тайлангаар 2014 онд манай улсад нийт 1300 гаруй ширхэг 852 сая төгрөгийн картын залилангийн гүйлгээ бүртгэгдсэн байна. Тэгвэл дэлхийн хэмжээнд мөн онд 100 ам.доллар тутамд 5,7 цент болсон бөгөөд 2020 он гэхэд луйврын гүйлгээний дүн 35 тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа юм байна. Тиймээс манай улсын хувьд төлбөрийн картын янз бүрийн шугамаар эрсдэл үүсгэж болох луйврын гэмт хэргээс сэргийлэхийн тулд банкууд тус тусын сүлжээгээ нэгтгэж нэгдсэн стандарттай болох, төлбөр тооцооны тухай хуулиа шинэчлэх зэрэг хэд хэдэн шийдвэрлэвэл зохих асуудлуудыг энэ зөвлөгөөнөөр хөндөн тавьж байна. Манай улсад өнгөрсөн онд бэлэн бус гүйлгээгээр нийт 8,4 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь улсын төсвийн орлогоос 2,2 их наяд төгрөгөөр их байжээ.  2013 оныхтой харьцуулахад 46 хувиар нэмэгдсэн нь цаашид бэлэн бус гүйлгээ хурдтай өсөхөөр байгааг харуулж байна. 2014-2015 онд бэлэн бус гүйлгээний терминал болон бусад арга замаар луйвар хийх хандлага ч өсөх магдлалтайг судалгаагаар гаргажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд