Н.Золжаргал: Зээлийн хүү буурвал 8 хувийн хүүтэй зээлдэгчид шилжих боломжтой

Монголын мэдээ
gantuya@montsame.mn
2016-01-07 18:03:01

Орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүүг бууруулж, илүү таатай нөхцлөөр үргэлжлүүлэн олгох хууль эрх зүйн зохицуулалтыг УИХ-аас Монголбанк, МИК зэрэг байгууллагуудтай хамтран хийх гэж байгаа. Энэ ажил нь эдийн засгийн хувьд ямар боломжтой, үр өгөөж нь хэр бодитой, ямар зохицуулалт хийх гэж байгаа талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодрууллаа.

-Ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувь болгож бууруулах боломжтой гэж өчигдөр УИХ-ын дарга мэдэгдсэн. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал үүнийг бодит ажил хэрэг болгох боломж өгөх үү? Ямар үндэслэлээр зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна вэ?

-Ипотекийн зээлийн хүүг бид 14 хувийн инфляцитай байхад жилийн 8 хувийн хүүтэй байхаар тогтоож эхэлж байсан. Тухайн үед их л хөнгөлөлттэй зээл шиг харагдаж байсан. Гэтэл өнөөдөр инфляци 2.9 хувь болж, бидний төсөөлж байсан 6-7 хувиас илүү буугаад байна. Инфляци нэгэнт 2.9 хүрээд байгаа энэ үед 8 хувийн хүү тийм бага биш болчихоод байгаа юм. Эдийн засгийн боломжийг хэмждэг ганцхан зүйл бол инфляци. Үнийн өсөлт бага, эдийн засаг тогтвортой, инфляци буурсан тохиолдолд иргэдийнхээ худалдан авалтыг дэмжих ёстой байдаг. Монголбанк цаашдаа ч инфляци ийм нам дор түвшинд тогтвортой байна гэж таамаглаж байгаа учир зээлийн хүүг, тэр тусмаа орон сууцны зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Өнөөдөр зах зээл дээр 18 мянган орон сууц эзнээ хүлээгээд байж байна. Нийлүүлэлт ийм хангалттай байгаа ийм үед эрэлтийг дэмжих ёстой.

-Монголбанкны зүгээс хуулийн төсөлд ямар ямар санал өгсөн бэ?

Арилжааны банкуудын нийт зээл, зээлийн барьцаа, зээл болж хувираад байгаа иргэдийн харилцах, хадгаламжийн дансны хөрөнгөд учрах эрсдэл зэргийг бүрэн хариуцдагийн хувьд Монголбанкны зүгээс зөвлөж байгаа зүйл бол хууль эрх зүйн орчноо аль болох хуучин тогтолцоо руугаа аль болох дөхүүлж өгөх хэрэгтэй гэж байгаа юм. Ингэж чадвал ипотекийн зээлийн тогтолцоо цаашдаа тогтвортой, удаан хугацаанд амжилттай үргэлжилж чадна. Тиймээс энэ үүднээс Монголбанк болон хуульчдын баг санал өгч, хуулийн төсөлд тусгасан.  Хууль эрх зүйн зохицуулалт хэрхэн гарах нь УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд тодорхой болно. Бидний харж байгаагаар ойрын хугацаанд энэ нь тодорхой болох байх.

-Зээлийн хүүг хэзээнээс бууруулах боломжтой гэж харж байгаа вэ?

-УИХ Цагаан сарын баяраас өмнө хууль эрх зүйн зохицуулалтыг хуучин хэвэнд нь буцаан шийдвэрлэчихвэл тэр даруй өөрчилнө.

Өрх ямар орлогын түвшин дээр орон сууцтай болж чадах тэр жишгийг  Монголбанкны зүгээс голлож хардаг. Гурван жилийн өмнө өрхийн орлого 4 сая төгрөг орчим байвал л орон сууцны зээл авч чаддаг байсан. Харин 8 хувийн хүүтэй зээл гарснаас хойш өрхийн орлого дунджаар 3 сая байхад зээл авах боломжтой болсон учир хүрээгээ маш сайн тэлж чадсан. Үүний үр дүнд л 80 мянган өрх орон сууцанд орж чадсан юм. Хэрэв зээлийн хүүг 5 хувь болгож чадвал үүнээс ч илүү хамрах хүрээгээ тэлж, өрхийн орлого 1 сая орчим байхад л зээл авч чадах боломжтой болно. Харин эсэргээрээ урьчилгаа төлбөрийг зарим улс төрчдийн ярьж байгаа шиг 10 хувь болгочихвол эргээд өрхийн орлого 1 сая биш 2 сая гаруй төгрөг болж өсөөд явна. Тэгэхээр энэ бол хүнд өгөөжөө өгөх зүйл биш, хамрах хүрээгээ харин ч хумина. Тийм учраас Монголбанк энэ зүйлээс хойш сууж, эсэргүүцэж байгаа.

-Банкууд зээлийн хүү буурахыг хэрхэн хүлээн авах бол?

-Банкууд, эдийн засаг, бизнесийнхэн үүнийг маш эергээр хүлээж авна гэж бодож байна. Яагаад гэвэл эдийн засгийн өсөлт саарсан энэ үед цаг үеэ олсон зөв дэмжлэг болно гэж үзэж байна.

-Хэрэв 5 хувь болж буувал өмнө нь 8 хувийн зээл авсан иргэд шилжих боломжтой юу?

-Мэдээж боломжтой байлгүй яахав.

-Ипотекийн зээлийн багцыг Тэтгэврийн сан руу шилжүүлэх нь ямар үр нөлөөтэй юм бэ?

-2013 онд Монголбанкнаас гаргасан хөрөнгийн эх үүсвэр гаргаж, иргэд тэр мөнгөнөөс орлогоо барьцаалж зээл аваад орон сууц болгож, эргээд үнэт цаас болоод Монголбанкинд ирчихээд байна. Энэ хооронд 180 мянган хүн ажлын байраар хангагдаж, өч төчнөөн өрх айл утаанаас салж, орон сууцанд орчихлоо. Монголбанк энэ үнэт цаасаа одоо Тэтгэврийн сан руу шилжүүлэх гэж байна. Хэрэв тэгвэл цаашдаа Монголбанк биш Тэтгэврийн сан хөрөнгийн эх үүсвэрээ гаргадаг болж, жинхэнэ зөв тогтолцоондоо шилжинэ. Одоогоор 3 их наяд орчим төгрөг рүү дөхсөн багц бүрдсэн. Энэ бол ипотекийн зээлээр олгогдсон орон сууцууд шүү дээ. Ийм хөрөнгө 3 жилийн хугацаанд хуримтлагдсан.  

-Нэрийн дансаа барьцаалж орон сууцны зээл авах талаар ярьж байна. Энэ хэр боломжтой вэ?

-Энэ бол миний хувьд боломжтой. Сингапурын туршлагаар гэхэд тэтгэврийн сангийн дансандаа байгаа мөнгөний тодорхой хувийг барьцаалж ипотекийн зээл авах тогтолцоо удаан хэрэгжиж байгаа. Одоо Тэтгэврийн данс мөнгөжөөд эхлэхээр энэ тогтолцоо руу шилжиж болно. Үүнийг Засгийн газар судлах байх.

-Зээлийн хүүг 5 болгож буурууллаа гэхэд барилгын компаниуд байрны нэг ам.метрийн үнээ өсгөвөл яах вэ?

-Зах зээлд 200-гаад аж ахуйн нэгж барилга барьж байна. Нийлүүлэлт огцом явж байгаа үед барилгын компаниуд үнээ нэмбэл иргэд өөр хямдыг нь л сонгоно. Тэгэхээр үнээ нэмбэл зах зээлээс тэр компани шахагдана л гэсэн үг. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ