Худалдан авалтын үнийн дүнгээс үл хамааран сугалаанд оролцоно

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2016-01-13 13:30:55

НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын үед сугалаа явуулах болсон. Хамгийн эхний сугалаа энэ сарын 17-нд болох бөгөөд МҮОНТ-ээр шууд дамжуулах талаар өнөөдөр ГТЕГ-ын дарга С.Пүрэв, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав нар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгжүүд www.ebarimt.mn цахим хуудсанд 1.3 сая баримт бүртгүүлжээ. Сугалааг зохион байгуулахдаа нэг баримт нэг сугалааны эрх гэсэн зарчмаар явуулах бөгөөд иргэд худалдан авсан үнийн дүнгээс үл хамааран оролцох боломжтой хэмээн мэдээллийнхээ эхэнд онцлов.

"www.erbaimt.mn" цахим хуудсанд жилд 430 сая баримт бүртгүүлнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарсныг МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав хэллээ. Тэрбээр, их хэмжээний баримт бүртгүүлэх тул www.ebarimt.mn сайтыг өргөтгөх шаардлагатай байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар 2 тэрбум төгрөг нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн” гэв.

Сугалаа тааруулахдаа 8 оронтой кодны сүүлчийн дугаараас эхлэн тааруулах аж. 8 тоо бүгд таарсан нэг супер азтан 100 сая төгрөг хожих аж. Хэрэв супер азтан шалгарахгүй бол дараагийн сард 150 сая төгрөг болж өсөх юм. Энэ мэтчилэн бүтэн жил зохион байгуулах 18 сугалаанд супер азтан тодроогүй бол жилийн эцсээр 950 орчим сая төгрөгийн шагналын сантай супер азтан тодруулах юм. Тиймээс эхний сугалаан дээр хожоогүй байна гээд баримтаа хаяж болохгүй гэдгийг “НӨАТ-ын урамшууллын систем" төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэллээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ