Энэ онд 50 ортой хүүхдийн эмнэлэгийг барина

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-19 12:52:36
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт хүүхдийн эмнэлэг барих асуудал сүүлийн таван жилийн турш яригдаж байгаа ч хөрөнгө, мөнгөний дутагдлаас болж шийдэгдээгүй юм.

Тэгвэл өнгөрсөн онд уг асуудал шийдэгдэж барихаар төлөвлөжээ. Харин энэ онд барилгын ажлыг гүйцэтгэх компани шалгарч Эрүүл мэнд, спортын яаманд гэрээ байгуулахаар боллоо. Гэрээ хийгдсэний дараа уг асуудал орон нутагт шилжиж 50 ортой эмнэлэгийн барилгыг барьж эхэлнэ. Гэхдээ үүнийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн их барилгатай коридориор холбох гэнэ. Барилгын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Цомбон тоосго” ХХК шалгарчээ. Барилгын өргөтгөлд улсын төсвөөс 4 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 2.8 тэрбумыг энэ ондоо багтааж өгнө. Үлдэгдэл 1.2 тэрбум төгрөгийг 2017 онд өгөх ажээ. Гэхдээ энэ онд өгөх мөнгөнөөс 250 сая төгрөгийг БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн засварт зарцуулна гэж Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан хэллээ.

Орхон аймаг 100 мянга гаруй хүн амтай. Үүнтэй харьцуулахад 50 ортой эмнэлэг чамлалттай байгаа юм. Уг нь анх 100 ортой эмнэлэг байгуулахаар зураг төсөв нь гарч байсан ч хөрөнгө байхгүй гэдэг шалтгаанаар орны тоог багасгажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ