Мэргэжлийн хяналтынхан баярын өдрүүдээр бэлэн байдалд ажиллаж байна

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-12-30 09:18:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын өдрүүд буюу арван хоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллуулж байна.


Тодруулбал иргэд 7012-8012, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын утсаар холбогдон мэдээлэл, санал, гомдол өгөх боломжтой юм байна.


Шинэ жилийн баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ: хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах, хэрэглэх хугацаа дуусаагүй, хадгалалтын нөхцөл алдагдаагүй, уут савлагаа нь бүрэн бүтэн, чанар, аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох, хоол, хүнсээ аль болох тухай бүрт нь шинээр бэлтгэн хэрэглэх, бэлэн болсон хоол, хүнсийг тасалгааны хэмд 4 цагаас дээш хугацаанд хадгалахгүй байх, бялуу, салат зэрэг түргэн муудах хүнсийг зохих хэмд хадгалах, хоол хүнсээр дамжих халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.


МХЕГ-ын нээлттэй утас 1800-1286 дугаарт 12 дугаар сарын 3-14-ний хооронд 83 иргэн холбогдож гомдол санал гарган, зөвлөгөө, мэдээлэл авчээ. Мөн Зөвлөгөө мэдээллийн төв 12 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд  нийт 744 иргэнд үйлчилж албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч гарын авлага, зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Холбоотой мэдээ