Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэнгүй

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-01-10 11:53:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцээд, хүлээн авах шаардлагагүй хэмээн үзжээ.

Энэ талаар Ц.Нямдорж гишүүн, “Дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан болон нэр бүхий дөрвөн гишүүний мэдээллийг сонслоо. Дээрх гишүүд АТГ дуудсан цагт тус бүр нэг удаа гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажилд саад болоогүй. Эдгээр гишүүдтэй холбогдох хэргийн шалгалтын ажил дуусах дөхөж байгааг Л.Энх-Амгалан прокурор хэлсэн. Шалгалтаар гишүүд гэмт хэрэг үйлдсэнийг эцэслэн тогтоовол бүрэн эрхийн асуудлыг УИХ-д дахин өргөн барих боломжтой. Тиймээс энэ удаад дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих боломжгүй хэмээн үзэж, санал дүгнэлтээ холбогдох байнгын хороод болон УИХ-д хүргүүлэхээр тогтсон” гэлээ.

Холбоотой мэдээ