Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-01-14 10:49:16

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг Сенатч Линдси Грэм тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампт уриалжээ. Засгийн газрын түр зогсолт гурван долоо хоног гаруйн хугацаанд үргэлжилж байгаа юм.


Бүгд Найрамдах Намын гишүүн Л.Грэмийн хэлснээр, Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь Бүгд Найрамдах болон Ардчилсан намын төлөөлөгчид хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэх ажээ. АНУ-ын түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй Засгийн газрын түр зогсолт энэ болж байгаа юм.


Хэсэгчилсэн түр зогсолтын улмаас олон зуун мянган албан хаагч цалингүй болж, Засгийн газрын салбар агентлагууд үйл ажиллагаагаа зогсоосон юм. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трампын өгсөн гол амлалтуудын нэг нь АНУ-Мексикийн залгаа хил дагуу хана барих байсан юм. Гэтэл уг ханыг барих 5.7 тэрбум ам.долларын санхүүжилтийг төсөвт суулгаж өгөөгүйтэй холбогдуулан Д.Трамп Засгийн газрын үйл ажиллагааг түр зогсоосон юм.


Ардчилсан намын төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авахаас татгалзсан ба Засгийн газрыг дахин нээх хүртэл зөвшилцөхгүй гэж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ