ЕБС-ийн орчны аюулгүй байдлын эрсдэлийг бууруулна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-01-15 12:15:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ болон JCI  Импакт салбар байгууллага нийслэлийн ЕБС-ийн орчин дахь аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, JCI  Импакт салбар байгууллагын 2019 оны Ерөнхийлөгч Л.Одсүрэн нар гарын үсэг зурав.

БСШУСЯ-наас 2018 онд улсын хэмжээнд ЕБС, дотуур байрны орчинд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийжээ. Үнэлгээгээр сургуулиудын 13 хувь нь их, 74 хувь нь дунд, 13 хувь нь бага эрсдэлтэй гарсан байна. Энэ дагуу хүүхэд хамгааллын ажлыг яамны зүгээс бодлогын түвшинд хэрэгжүүлж байгаа юм.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ, “Хүүхдийн аюулгүй орчинд сурч, хөгжих, хайрлуулж хүндлүүлэх суурь хэрэгцээг хангах нь хамгийн чухал. Энэхүү чухал ажилд хамтран олон нийтэд нөлөөлөх, сургуулийн орчин дахь аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахаар зориглосон JCI Импакт салбар байгууллагын гишүүдэд талархаж байна. Сургууль, дотуур байрны орчин  эрсдэлгүй, аюулгүй байх ёстой. 2019 онд та бүхэнтэй хамтран ажилласнаар сургуулиудын аюулгүй байдлын эрсдлийг бууруулах үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Би JCI  байгууллагын “бүтээгдэхүүн”. JCI байгууллагын гишүүд бол онцгой сахилга бат, зарчим, хариуцлагатай манлайлагч залуус юм. Мөн авлига ашиг сонирхол, хүнд суртлаас ангид нийгэм, хойч ирээдүйн төлөө нүүр бардам ажилладаг “гэрлүүд” юм.  Бидний хамтын ажиллагаа ч мөн боловсролын салбарт гэрэл нэмнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Холбоотой мэдээ