Тариалан сумын таван өрх малжуулах төсөлд хамрагджээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-01-22 11:48:48

Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын ЗДТГ-аас өнгөрсөн онд “Ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр” хоёрыг боловсруулж 45 иргэнийг түр, дөрвөн иргэнийг үндсэн ажлын байраар хангасан байна. Мөн 5 өрхийг малжуулах төсөлд хамруулжээ. Үүнээс гадна “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн гурван багийн 9 иргэнийг ажилтай болгожээ.

"Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн малчдад мал маллагааны арга ажиллагаа болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах ажил хийсэн. Энэ хүрээнд таван малчин өрхийг 18 сая төгрөгөөр малжууллаа. Мөн өрхийн орлогогүй хоёр айлын найман иргэнийг 800 ба түүнээс дээш малтай хоёр өрхөд сарын 350 мянган төгрөгийн цалинтайгаар гэрээт малчнаар зуучлан ажиллуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих сангаас хоёр иргэн гурван жилийн хугацаатай 3 сая төгрөгийн төсөл авч ажлын байр бий болгосон” хэмээн Тариалан сумын Засаг дарга С.Төгсболд хэллээ.

 

Холбоотой мэдээ