Орхонд “Доктор Авто Сүлжээ”-ний салбар нээгдлээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-03-14 10:33:34
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт авто засварын 80 гаруй төв бий. Үүний дийлэнх нь цөөн нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Иймд жолооч нар Улаанбаатар хотыг зорьж төмөр хүлгээ мэргэжлийн байгууллагад оношлуулж, засуулах дуртай байдаг ажээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт тус аймагт “Доктор Авто Сүлжээ” ХХК-ийн салбар байгуулагдаж “Доктор супермаркет” нээлтээ хийсэн нь орхончуудад олон боломжийг олгож байна. Тухайлбал, автомашины бүхий л сэлбэг хэрэгслийг борлуулахаас гадна тэнхлэг, гэрлэн тохиргоо зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлэх аж. Мөн 7-8 хүн ажлын байртай болж авто тээврийн салбар дахь мөнгө орон нутагтаа эргэлдэж, татвар төлөх байгууллага дахин нэгээр нэмэгдэж байна.

“Доктор Авто Сүлжээ” ХХК нь Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк, “Хаан” банктай хамтран “Монгол орон даяар автын нэгдсэн сүлжээ” төслийг хэрэгжүүлж эхэлсний эхнийх нь Орхон аймаг боллоо. Цаашид Дархан-Уул, Хөвсгөл, Өмнөговь, Дорноговь аймагт салбараа нээх ажээ. “Автомашин дахь амьдралыг аз жаргалтай болгоно” гэсэн уриатай “Доктор Эрдэнэт” ХХК-ийн “Доктор супермаркет” Орхон аймгийн Цагаанчулуут багт байрлах “Танил” техникийн захын дэргэд байрлаж байна. Дашрамд дурдахад, Орхон аймаг 11 мянган тээврийн хэрэгсэлтэй юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ