Хөдөлмөр эрхлэгч ахмадууд чуулав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-01-19 12:26:28

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ИТХ, ЗДТГ, Ахмадын холбоо хамтран “Хөдөлмөр эрхлэгч ахмадууд”-ын чуулганыг нэгдүгээр сарын 18-нд Сайншанд хотын “Саран Хөхөө” театрт зохион байгууллаа.

Хөдөлмөр эрхэлж байгааа ахмадуудад туслах “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний” төсөл хийгээд бусад төсөл хөтөлбөрүүдэд хамруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой чуулганд хот, хөдөөгийн 200 гаруй ахмад настан оролцож хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээл, үүнээс гарах гарцын талаар ярилцав.

Чуулганд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нар оролцож өнгөрсөн онд ахмадуудын талаар хийсэн ажлууд болон  энэ онд “Гэр бүлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд  хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан.

Энэ онд ахмадуудынхаа ажиллах нөхцлийг хангах, шаардлагатай сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг үе шаттайгаар шийдэж, орон нутгаас дэмжиж ажиллахаар болжээ.

Аймгийн хэмжээнд нийт 5487 ахмад настан буйгаас 1757 ахмад буюу 32 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэгч ахмадуудын дийлэнх нь малчид байгаа нь аймгийн  эдийн засгийг хөгжүүлэх тэргүүлэх  гурван чиглэлийн нэг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа гэж албаныхан онцлов.

Өнгөрсөн жилүүдэд орон нутгаас аймгийн Ахмадын хороогоо байртай болгосон, Ахмадын хорооны дэргэд эрүүл мэндийн "Энэрэл" төвийг байгуулсан, тэдний чөлөөт цагийг өнгөрөөх, спорт тоглоом тоглох өрөө тасалгаатай болгосон гээд олон ажил хийсэнд ахмадууд ам сайтай байгаа аж.

Мөн 2018 онд “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-өөр 21 байгууллагын саналыг хүлээн авч  45 ахмад мэргэжилтний төслийг шалгаруулж гэрээ байгуулан ажиллаж 17.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Холбоотой мэдээ