Ж.Трюдо, Си Жиньпин нар баривчлагдсан иргэдийнхээ асуудлыг хэлэлцэж магадгүй байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-19 12:54:04

ОТТАВА. /ТАСС/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар Хятад улсад баривчлагдан сатуулагдсан Канад иргэд хийгээд Канадын Ванкувер хотод баривчлагдсан “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу нарыг тойрсон нөхцөл байдлыг утсаар хэлэлцэж магадгүй байна. Энэ тухай Канад улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Жон Маккаллум сэтгүүлчдэд хэлжээ.


"Хятад улсад баривчлагдсан иргэдээ суллах, түүнчлэн мансууруулах бодис хууль бусаар хил давуулахыг оролдсон хэрэгт холбогдуулан цаазын ял ногдуулаад байгаа нэг иргэнийхээ ялыг хөнгөвчлөх асуудалд Канад улс хүчин чармайлт тавьсаар байгаа. Ерөнхий сайд Ж.Трюдо энэ асуудлаар 12 улс орны удирдагчийн дэмжлэгийг аваад байна”  гэж Маккаллум хэлсэн байна.


АНУ-ын хүсэлтээр “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадын Ванкувер хотод баривчлан саатуулсан явдал болсны дараа Канад болон Хятад улсын харилцаа хурцадсан юм. Хожим нь Канадын хоёр иргэн Майкл Ковриг, Майкл Спэйвор нарыг Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй хэрэгт сэжиглэн байцааж байгаа тухайгаа Хятадын эрх баригчид Канадын Элчин сайдын яаманд мэдэгдсэн. Мэн Ваньжоуг баривчилсны хариуд Канадын иргэдийг баривчилсан гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тамааглаж байгаа юм.

Холбоотой мэдээ