Цэцэрлэгийн ирц 40 хувь хүртэл буурчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-01-19 21:10:58

 

Увс /МОНЦАМЭ/. БСШУС-ын тушаал өчигдөр гарч нэр бүхий найман аймгийн ЕБС-ийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор болсон байна. Эдгээр аймгуудын нэг нь Увс бөгөөд тус аймагт ханиад томууны дэгдэлт асар их байна.

Харин сунгасан хугацаанд орох хичээлийн хуваарийг энэ хичээлийн жилдээ амжаад багш, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр нөхөхийг салбарын яамнаас үүрэг болгожээ.

Үүнээс гадна тус аймгийн төрийн өмчийн 28, хувийн өмчийн 5 цэцэрлэгт 5120 гаруй хүүхэд хүмүүжиж байгаагаас энэ сар гарсаар хүүхдийн ирц буурч, 40 хувьд хүрээд байна. Иймээс аймгийн ЗДТГ-аас цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг мөн сургуультай адил түр хугацаанд хаах хүсэлтэй байгаагаа яамнд хүргүүлжээ. Хичээл сургалтын үйл ажиллагаа ирэх сарын 11-ээс эхлэх юм байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн болон сумдын Эрүүл мэндийн төвүүдийн амбулаториор үзүүлж байгаа иргэдийн ихэнх нь 0-5 насны хүүхдүүд бөгөөд өвчлөлийн шалтгаан нь ханиад томуу аж.

Энэ хичээлийн жилд Увс аймгийн Ерөнхий боловсролын 30 сургуульд 17650 гаруй хүүхэд суралцаж байна.


Холбоотой мэдээ