Дунд хугацааны сайн дурын оюутнууд Сэлэнгэ аймагт тав дахь жилдээ ажиллаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-01-20 20:40:41

Сэлэнгэ /МОНЦАМЭСэлэнгэ аймгийн БСУГ нь Солонгосын их, дээд сургуулиудын сайн дурын үйл ажиллагааны холбоотой \KUCSS\ хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны талаар Сэлэнгэ аймгийн БСУ-ийн газрын түүх, нийгмийн ухааны боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Баасанжаргалтай уулзаж ярилцлаа.

-Сэлэнгэ аймаг Солонгосын их, дээд сургуулиудын сайн дурын үйл ажиллагааны холбоотой \KUCSS\ хэдийнээс хамтран ажиллав. Энэхүү холбооны үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-КОЙКА олон улсын байгууллага нь БНСУ, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол Улсад сайн дурын гишүүн болон зөвлөх мэргэжилтнийг томилон ажиллуулдаг. Эдгээр дунд хугацааны сайн дурын гишүүдийг Солонгосын их, дээд сургуулиудын сайн дурын үйл ажиллагааны холбоо (KUCSS)-ээс хариуцан ажилладаг байгаа. КОЙКА сайн дурын мэргэжилтэнг сонгох хөтөлбөр нь хоёр янз байдаг. Үүний дунд хугацааны сайн дурын гишүүд нь Сэлэнгэ аймагт тав дахь жилдээ ажиллаж байна.  

-Эндээс дунд хугацааны хөтөлбөрийн онцлог юу байна. Монгол Улсад ирж байгаа сайн дурын оюутнуудыг манай Сэлэнгэ аймаг өөрсдөө захиалдаг юм уу?  

-Энэ бас ялгаатай л даа. Хоёр жилийн гэрээгээр ирэх зөвлөх мэргэжилтэнг манай байгууллага Сангийн яамаар дамжуулаад КОЙКА олон улсын байгууллагад хүсэлт тавьж байж авдаг.  Харин дунд хугацааны хөтөлбөрийн оюутнууд захиалгаар ирдэггүй.  Анхнаасаа манайд  томилогдож ирээд  ажиллаад сурчихсан учраас Сэлэнгэ аймгийг сонгож  ирдэг.  Өөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь хамтдаа сайн явуулдаг аймагт ирдэг гэсэн үг.

-Сэлэнгэ аймгаас гадна ямар аймгийг сонгож ирдэг бол...?

-Хөтөлбөрийн анхны жилд нэлээн олон аймагт ирсэн байдаг юм билээ. Харин өнөөдөр улсын хэмжээнд дөрөвхөн газар томилогдон ирж ажиллаж байгаа. Энэ нь Орхон, Ховд аймагт тус бүр нэг, манай аймагт, бас Зүүнхараад гэсэн хоёр газар ажиллаж байгаа. Энэ сонголтоос үзэхэд манай аймаг гадаад хамтын ажиллагаагаа дэмжсэн, чадамж сайтай аймаг болох нь харагдаж байгаа юм.

-Эдгээр  оюутнууд ирээд чухам ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Дунд хугацааны хөтөлбөрийнхөн багаараа ирж нэг жилийн хугацаанд ажиллахдаа ихэнхдээ боловсролын салбарын 7-8 байгууллага дээр үйл ажиллагаагаа зэрэг  явуулдаг. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, Насан туршийн боловсрол, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төв зэрэг байгууллагуудыг түшиглээд хүүхдэд чиглэсэн дугуйлангийн  үйл ажиллагаа явуулдаг. Дугуйлангаар Солонгос улсыг таниулан сурталчилахын зэрэгцээ дуу, бүжиг заах, зургийн дугуйлан хичээллүүлэх, солонгос, англи хэлний сургалт явуулах, биеийн тамирын чиглэлээр хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, мөн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зэрэг сургалтуудыг явуулдаг.

-Энэхүү сайн дурын оюутнуудын үйл ажиллагааны үр дүн юугаар илэрч харагддаг вэ?

-Үр дүн нь Монгол хүүхдүүд Солонгос улсын түүх соёлтой танилцана. Хоёр орны хүүхдүүдийн хөгжил юугаар илэрхийлэгддэг юм. Монгол хүүхдүүд юу үзэж, тоглож өсдөг юм. Солонгос хүүхдүүд юу үзэж өсдөг талаар монгол хүүхдүүдэд харамгүй зааж сургах зорилготой байдаг.

-Сургалтын онцлог ялгаа нь ямар байдаг бол...?

-Манай хүүхдүүд солонгос багш нарын сургалтанд суухдаа маш дуртай байдаг.  Учир нь тэдгээр багш нар хүүхэдтэй яг ижил түвшинд очиж ажиллаж чаддагаараа  онцлог.  Тийм учраас Сэлэнгэ аймаг, тэр дундаа Сүхбаатар суманд сурч хөгжиж байгаа хүүхдүүдэд богино хугацааны хөтөлбөрийн багийнхан маш их ач холбогдол өгч хүүхдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаад буцдаг юм. Энэ хугацаанд нэг сургууль дээр 100 гаруй хүүхдийг  дугуйлангийн үйл ажиллагаанд хамруулдаг.

-Дугуйлангаар хичнээн төрлийн сургалт явагддаг вэ?

-Сургуулиудад нийтдээ таван төрлийн дугуйланг хичээлийн бус цагаар ажиллуулдаг. Цэцэрлэгүүдийн ахлах бүлэгт биеийн тамир, эрүүл мэнд, хөгжмийн боловсролын чиглэлээр ангийн багш нартай нь хамтраад сургалтын хөтөлбөрөөр нь дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургалтуудад нэг жилд 1000 гаруй хүүхэд хамрагддаг. Оюутнууд зөвхөн сургууль дээр хүүхэд хөгжүүлээд зогсохгүй өөрсдөө бүтээлч хөдөлмөр хийдэг. Тухайлбал, Зүүнбүрэн сумын сургууль дээр заалны ханыг, мөн 2-р цэцэрлэгийн байрны гаднах ханыг будаж, өнгө оруулах ажлыг давхар хийсэн.  

-Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа эдгээр оюутнууд жилийн хугацаанд аль аль сургууль дээр ажилласан бэ?

-Тэд энэ хугацаанд БСУГ-т сургууль цэцэрлэгийн багш нар нийлсэн 100 гаруй багш нарт  компьютерийн сургалт явуулж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төв, Сүхбаатар сумын I, II сургууль, МСҮТ, Насан туршийн боловсролын төв, Зүүнбүрэн сумын сургуулиудад зураг, хөгжим, компьютерийн дугуйлан хичээллүүлсэн. Мөн Солонгосын хүүхдүүдийн К-поп бүжиг, Каеквон тү бүжгийн урлагийг зааж сургасан. Үүний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр хүүхэд эцэг, эхчүүдэд зориулсан монгол тайлбартай “Зургаар хүүхдийг хөгжүүлэх нь” ном гаргасан.    

-Аймаг, орон нутгийн зүгээс эдгээр оюутнуудад ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлдэг үү?

-Манай аймгаас тодорхой хэмжээний дэмжлэг байгаа. Яагаад гэвэл манай аймагт ирэхээс өмнө Солонгост байхдаа нэг сарын хугацаанд монгол үсгийг мэдээд, уншиж сураад л ирдэг. Тийм учраас энд давхар монгол хэлний хичээл ордог. Өөрсдөө ч маш их хичээж сурдаг. Дээр нь хамтарч ажиллаж буй сургууль цэцэрлэгийн багш нар, тэдний удирдлагууд маш их дэмждэг. Тухайлбал сургалт явуулах байр, сургалтанд оролцох хүүхдүүдийн  оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн орчинд аюулгүй байдлыг хангах зэргээр тэдэнд хэрэгцээ шаардлагатай байгаа бүх зүйлийг ханган, дэмжлэг үзүүлдэг.

-Энэ хөтөлбөр цаашид үргэлжлэн явах уу? Ирж буй оюутнууд нь жил бүр солигддог уу?

-Тийм ээ, оюутнууд жил бүр солигдож ирдэг. Манай Сэлэнгэ аймагт Сүн Чү Ханы их сургуулийн оюутнууд ирдэг.  Энэ жил Seo Myeongwon, Kong  Gyeogjin, Yoo  Jaeyoung, Ahn Juhee,  Lee Jeongwon нарын таван оюутан ирсэн байгаа. Эдгээр оюутнууд манай аймагт сонгогдон ирсэндээ маш их баяртай байгаа. Энэ үйл ажиллагааны үр дүнг хүртэх болсноор манай аймгийн хүүхдүүд ч азтай.  Энэ үйл ажиллагаанд  манай аймгийн Засаг дарга Ш.Оргил, Тамгын газрын дарга Ө.Сувдаа, НХБ-ын хэлтсийн дарга Б.Энхбат, БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, дээр нь сургууль, цэцэрлэгийн удирдлагууд маш сайн хамтарч ажилласны үр дүнд манай аймаг хамтран ажиллах чадамж сайтай аймгаар үнэлэгдсэн хэрэг. Аливаа олон улсын байгууллага өөрөө шаардлага өндөртэй байдаг. Өөрөөр хэлбэл оюутнуудын орон байр, аюулгүйн байдал, дээрээс нь дэмжиж ажилладаг байдлыг харж байж оюутнуудаа илгээдэг учраас манай аймаг гадаад хамтын ажиллагаагаа дэмжсэн, чадамж сайтай аймаг юм гэдгээрээр онцлог давуу талтай, бусад аймагт үлгэр жишээ болохуйцаар ажиллаж чадаж байгаа аймгийн нэг болж байгаад баяртай байна.     

-Тэд өөрсдийнхөө суралцаж буй чиглэлээрээ хичээл заах уу, эсвэл заавал тийм хичээл заана гэсэн хөтөлбөртэй байдаг уу?

-Ер нь сонгогдож ирж буй оюутнуудын ихэнхи нь нийгмийн чиглэлийн оюутнууд байдаг. Тухайлбал өсвөр насны хүүхдүүдтэй ажиллах, тэр чиглэлээр сурч байгаа оюутнууд байдаг.  Ялангуяа энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах чиглэлээр сурч байгаа оюутнууд ирсэн. Энэ маань Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төв дээр дугуйлан ажиллуулсан. Энэ дугуйлан нь хүүхдүүдийн гарын хурууны жижиг булчинг хөгжүүлэх зорилгоор цаасаар юм хийх, зураг зурах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нас, сэтгэхүйн хөгжилд нь тохирсон үйл ажиллагаа зохион байгуулсан нь онцлог болсон. Урьд өмнө нь энэ чиглэлийн мэргэжлээр ажиллах оюутнууд манайд ирдэггүй байсан. Эдгээр оюутнууддаа манай аймгийг сонгон ирж, хүүхдүүдэд тодорхой хэмжээний хөтөлбөрийн дагуу мэдлэг боловсрол олгон ажиллаж байгаад  талархлаа илэрхийлж байна.    

Холбоотой мэдээ