Монгол, Лаосын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-01-21 14:34:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын төлөөлөгчид энэ сарын 17-19-нд БНАЛАУ-д албан ёсоор айлчиллаа.

Айлчлалын үеэр, УИХ-ын төлөөлөгчид БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодүд бараалхаж, Лаосын Соёл, нийгмийн бодлогын Байнгын Хорооны дарга Сомпү Дуангсаван болон Үндэсний Ассамблейн Эрх зүйн Байнгын хорооны дэд дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Кампенг Вилапан нартай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор парламент хоорондын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд,  цаашид хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг парламентын зүгээс дэмжин ажиллахаар тогтов.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол, Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг 2019 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо УИХ-ын Олон Улсын Парламентын Холбоо, НҮБ-тай хамтран зохион  байгуулах Тогтвортой хөгжлийн зорилтуудын Ази, Номхон далайн орнууд дахь хэрэгжилтийн асуудлаарх II чуулганд Лаосын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодүг оролцохыг урьсан УИХ-ын даргын албан ёсны урилгыг гардуулав.          

УИХ-ын төлөөлөгчид айлчлалын үеэр Лаосын мах импортлогч “Делюкс фүүд” компани болон цагаан будаа тариалагч “Панпет” компанийн үйл ажиллагаатай танилцав.

Холбоотой мэдээ