Улаанчулуутын хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй болов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-01-21 17:40:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанчулуут дахь хогийн цэгт амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг халуун дулаан орчинд өсч, сурч хүмүүжих нөхцөлөөр хангах зорилгоор “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран байгуулсан “Нарны  хүүхдүүд-2” цэцэрлэг өнөөдөр нээгдлээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шавыг нь тавьсан тус цэцэрлэг 150-200 хүүхэд хүлээн авах бололцоотой юм. Улаанчулуутын хогийн цэг   нь 8 км   үргэлжилдэг   бөгөөд  зүүн хойд хэсэгт нь “Нарны  хүүхдүүд-1” цэцэрлэг байрладаг. Иймд хогийн цэгийн баруун захаар амьдарч буй хүүхдүүдэд зориулж “Нарны   хүүхдүүд-2” цэцэрлэгийг  барьжээ. Улаанчулуутын хогийн цэгт дунджаар өдөрт 400 гаруй иргэн ажиллаж амьдардаг бөгөөд 200  орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Харин энэхүү цэцэрлэг нээгдсэнээр хүүхдүүд бүрэн хамрагдах боломжтой болжээ.


Цэцэрлэгийг бүтээн байгуулахад зарцуулсан 1.2   тэрбум төгрөгийг гадны болон дотоодын хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэй   бүрдүүлжээ.

Цэцэрлэгийг нээж   УИХ-ын гишүүн   Х.Нямбаатар хэлэхдээ,  “Нарны   хүүхдүүд-2” цэцэрлэг   нь   улсын төсөв болон нийслэлийн төсвөөс хөрөнгө аваагүй гэдгээрээ онцлог. Монгол Улс 21 аймаг 360 сумтай бөгөөд нэг хороонд 3 цэцэрлэг  төсөвлөх  боломжгүй. Тиймээс  бид  өөрсдөө хөрөнгө босгож цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг хийж дуусгалаа.  “Нарны хүүхдүүд 1,2”   цэцэрлэг   хүүхдүүдэд сургуулийн  өмнөх  боловсрол  эзэмших боломжийг олгож байгаагаас гадна эцэг эхчүүдэд тогооч, туслах, галч зэрэг ажлын байр бий болгосноороо  бас давуу талтай. Мөн 26-р   хорооны   дэргэд,   253-р   цэцэрлэгийн   хойд   талд   БНХАУ-ын Засгийн   газрын буцалтгүй  тусламжаар нэг ээлжиндээ 920, хоёр ээлжиндээ 1840   хүүхэд   хүлээн авах   боломжтой,   хөнгөн атлетикийн талбайтай сургууль барьж байгаа. Энэ сургуулийг   2020   онд   ашиглалтад   өгнө.  Үүгээрээ би, сонгогдсон тойрог хороодынхүү бүх хүүхдэд сургууль,  цэцэрлэгийг хүртээмжтэй болгохыг зорьж байгаагаа хэлэхийг хүсэж байна. Мөн 2019 онд гэр хорооллын дундах туслах замуудыг хатуу хучилттай зам  болгож,   гэрэлтүүлгийг нэмж, камержуулах ажил  төлөвлөж байна” гэв.


Тус цэцэрлэгийн дэргэдэх талбайд “Нямбаатар сан” гадны болон  дотоодын  байгууллагуудтай хамтран  хөдөлмөрийн анхны дадал зуршил  олгох сургалтын төв байгуулан, хороо дүүргийн  иргэдэд үнэ төлбөргүй сургалт олгож, мэргэшил эзэмшүүлэхээр төлөвлөжээ. Мөн тус төвийн дэргэд  26-р  хорооны  иргэдэд үнэ  төлбөргүй үйлчлэх “Халуун  ус”-ны төв байгуулах аж.

Өнгөрсөн   жил   “Нарны   хүүхдүүд-2”   цэцэрлэг   барих   талбайд   2000   мод тарьсан   бөгөөд   энэ   жил   хуучин   хогийн   цэг   байсан   газарт   6000   мод   тарихаар төлөвлөснийг   УИХ-ын гишүүн   Х.Нямбаатар танилцуулж   хорооны   ард иргэдийг мод тарих ажилд тусалж, дэмжихийг уриалсан юм.

 

 

Холбоотой мэдээ