Гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-01-22 15:49:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Цахилгаан түгээх сүлжээ, Сайнцагаан сумын ЗДТГ хамтран болзошгүй гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, иргэдийн гэр, хашаа байшин, орон сууцны галын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Цагаан сар нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж байна.

Тус арга хэмжээний үеэр гэр хорооллын айл өрхүүдээр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдалд мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа ажээ.

Хашаанд амьдарч байгаа айл өрхүүд халуун үнс, нурмаа гадаа хашаатай ойр газарт ил задгай асгах, цахилгааны утас ил гарсан байх зэрэг зөрчлүүд нийтлэг байгаа ба галаа тохируулж түлээгүйгээс яндангаас гарах цог гэрийн бүрээсийг түлэх эрсдэл их байдаг байна.

Онцгой байдлын газраас байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдэд дээрх хяналт шалгалтыг тогтмол хийж ажилладаг. 2018 онд тус байгууллагаас 215 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд гал унтраах шатны багаж хэрэгсэл болох галын самбар, галын сараа, галын булан зэрэг нь шаардлага  хангахааргүй, зарим нь огт байхгүй, галын хорын карт хөтлөөгүй, галын хорын цэнэг нь дууссан зэрэг зөрчлүүд нийтлэг байгаагаас гадна аваарын нөөц гарцыг хадаж, багласан, блокоор битүүлсэн байдалтай байсан ажээ.

Холбоотой мэдээ