Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн санг бий болгоно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-01-24 13:06:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар энэ сарын 01-нээс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дөрвөн тогтоол, нэг журмын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тухайлбал, Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, хянаж шалгах, сургалт, судалгаа зохион байгуулах харилцааг зохицуулсан "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай" болон “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолыг хэлэлцсэн. Дээрх хоёр тогтоолд төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг эрхлэх, ёс зүй, хүйсийн тэгш байдлыг хангахад хяналт тавих заалт тусгажээ.

Мөн төрийн зарим байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, албан тушаалын өөрчлөлтийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлсэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай", “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг батлах тухай” тогтоолыг хэлэлцсэн. Эдгээр тогтоолд төрийн албан хаагчийн албан тушаал ахиулах, цалингийн нэмэгдэлтэй холбоотой зохицуулалтыг нарийн тусгасан байна. Түүнчлэн Төрийн албаны ажиллах нөхцөл, цалин болон бусад асуудалтай холбоотой маргааныг хуулийн дагуу шийдвэрлэх “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам батлах тухай” журмыг хэлэлцлээ.

Тогтоолын төслүүдийг хэлэлцэх үеэр гишүүдийн олонх төрийн албаны бүтэц хэт данхар байгааг шүүмжлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Төрийн алба хэтэрхий данхар бүтэцтэй байна. Монгол Улс 190 мянган төрийн алба хаагчийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байна. Татвар төлөгчдийн мөнгийг цалинд зарцуулах нь зохисгүй тул төрийн албыг цомхон болгох чиглэлд анхаарч ажиллах нь зөв юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, “Төрийн байгууллагын шагнал, урамшууллыг нь нэмээд байвал төрийн алба руу шуурсан хүмүүсийн тоо өссөөр байх болно. МИАТ компани 600 хүний орон тоотой. Гэтэл 900 гаруй хүн ажиллаж байна гэсэн судалгаа бий” хэмээв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Жил бүр төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж байна. Төрийн албаны зөвлөл үүнийг зохицуулах ёстой. Тиймээс энэхүү тогтоолын төсөлд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа, дүрмийг тодорхой заасан. Мөн Төрийн албаны зөвлөл улс төрөөс хараат бус байх боломжийг бүрдүүлэх заалт орсон” гэв.

Ийнхүү дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Үдээс хойш буюу 15.00 цагт эхлэх чуулганы хуралдаанаар “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ