“Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал үргэлжилж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-03-16 08:56:46
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглаж жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэшигчдийн хурал энэ сарын 7-нд эхлээд байна.

Уг хурал 3 сарын 20  хүртэл үргэлжилнэ. Хурлаар компанийн нэмэлт өөрчлөлт оруулсан “Дүрмийн төсөл”-ийг  батлах, компанийн нийт зарласан энгийн хувьцаан дээр нэмж 30 сая ширхэг зарласан хувьцааг “БльюМон Металс” ХХК-д гаргаж буй асуудлыг хэлэлцэх ажээ.

“Зэс Эрдэнийн хувь” ХК 2010 онд Орхон аймгийн 44 мянган иргэний хувь нийлүүлсэн хөрөнгөөр байгуулагдсан юм. 2013 онд аймгийн ИТХ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулж ТЭЗҮ-ээ боловсруулжээ. Үүнийг 2015 оны хоёрдугаар сарын дөрвөнд Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан байна. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Исэлдсэн хүдрийн овоолго”-ыг ашиглах эрх нээгдэж хөрөнгө оруулагчаар “БльюМон” групп ажиллахаар болжээ.

Уг үйлдвэрийг байгуулахад 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Мөн 140 хүн байнгын ажлын байртай болж улсын төсөвт жил бүр 7 тэрбум төгрөгийн татвар хураамж төлөх ажээ. Үйлдвэрийн шавийг ирэх зургаадугаар сард тавьж аравдугаар сараас барилгын сууриа цутгах гэнэ. Харин 2017 оны 12 дугаар сард анхны бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

          Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ