Монгол, Японы байт харваачид хамтран бэлтгэл хийж эхэллээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-02-22 13:40:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын байт харвааны үндэсний шигшээ баг энэ сарын 19-нд Япон улсыг зорилоо. Тэд Японы байт харвааны тамирчидтай 18 хоног хамтарсан бэлтгэл хийх юм.

Манай баг тамирчдыг Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхиро тэргүүтэй төлөөлөгчид пүрэв гарагт хүлээн авсан байна. Тэд манай тамирчдад цаашдын бэлтгэл сургуулилт болон тэмцээндээ их амжилт гаргахыг хүслээ.


Монгол, Японы байт харвааны тамирчдын хамтарсан анхны бэлтгэл өнөөдөр эхэлж байгаа юм. Тамирчид дараа нь Тайланд улсад үргэлжлүүлэн бэлтгэл хийгээд гуравдугаар сарын 24-31-нд Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Тус тэмцээн нь дөрвөн цуврал бөгөөд манай баг тамирчид эхний цуврал тэмцээнд оролцоно.


Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан ноднин Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхорид байт харвааны тамирчдаа тус улсад бэлтгэл хийлгэх хүсэлт тавьж, хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Манай тамирчид 2020 оны Токиогийн олимпоос өмнө тус улсад гурван удаа хамтарсан бэлтгэл хийх бөгөөд анхны  бэлтгэл нь ийнхүү эхэлж байна.


Багийн бүрэлдэхүүнд ахлагч, ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг, туслах дасгалжуулагч Г.Жамьянгомбо, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, Б.Адъяасүрэн, Б.Отгонболд, Спортын мастер Б.Пүрэвсүрэн, Ө.Тэнгисболд, Ө.Нэхийт, харин эмэгтэй тамирчдаас ОУХМ Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Спортын мастер Б.Мишээлт, Спортын дэд мастер Б.Уянга нар багтжээ.

Холбоотой мэдээ