Төв аймгийн нутагт байдаг Улсын хамгаалалтад бүртгэлтэй түүх соёлын үл хөдлөх хөшөө дурсгалууд

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-04-20 16:12:27

Төв /МОНЦАМЭ/. Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 17.3.-т “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн эрх зүйн хамгаалалтыг улсын, орон нутгийн, байгууллагын гэж ангилна. Улс,орон нутгийн хамгаалалтад байх “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” хэмээн заасан байдаг байна.

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан уг жагсаалтад улсын хэмжээнд 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймгийн хамгаалалтад авахаар оруулжээ. Үүнээс Төв аймгийн нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын дурсгалаас улсын хамгаалалтад 15, аймгийн хамгаалалтад 6 газрыг авчээ.


Төв аймгийн нутаг дэвсгэрт Улсын хамгаалалтад бүртгэгдсэн 15 түүх соёлын үл хөдлөх дурсгал бий. Энэ түүхэн дурсгалт хөшөөнүүдийн талаар танилцуулъя.


1.Өнгөтийн цогцолбор:

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын хойд хөндийн Өнгөтийн уулын бэлд энэ дурсгал оршино. Анх 1891 онд илрүүлж олсноос хойш эрдэмтэн судлаачид удаа дараа үзэж судлан их, бага хэмжээгээр малтлага хийж байсныг олон ном зохиолд тэмдэглэжээ. Дурсгалын ерөнхий хэлбэр, зохион байгуулалт, хүн чулууд болон бусад хөшөөний хийц загвар, тайлгын зан үйл зэргээс үндэслэн VII зууны дунд үеийн Дорнод Түрэгийн хаант улсын үед хамаатай болохыг судлаачид тогтоожээ.



 2.Морин толгойн олон үед холбогдох булшнууд

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Морин толгой уулын бэлд оршино. Толгойн энгэрт 120 дөрвөлжин булш, гурван буган хөшөө, тэдгээрийн зүүн талд зэргэлдээ 24 хүннү булш оршино. Эдгээр дурсгалыг 1924 онд Г.И.Боровка анх үзсэн бөгөөд 1975 онд Эрхүүгийн их сургуулийн багш В.В.Свинин, 1983 онд Монгол, Зөвлөлтийн археологичид, 1989 онд Хүннүгийн дурсгал судлах Монгол-Унгер-Зөвлөлтийн хамтарсан ангийнхан удаа дараа малтлага хийж хэд хэдэн булшийг шинжилсэн. Малтлагын явцад олон дурсгал олдсоны нэг нь ясаар сийлж хийсэн хэл хуур юм.



 3.Ноён уулын булш:

 XX зууны хориод онд Батсүмбэр сумын нутагт Ноён уул хэмээх газраас асар том булшнууд олдсон нь нарс модоор зааж хийсэн Хүннүгийн язгууртны булшнууд байсан. Хүннүчүүд язгууртан ноёдоо оршуулахдаа газарт 7-12 м ба түүнээс гүнд, дотор, гадна хоёр давхар дөрвөлжин байгууламжийг мод дүнзээр бариад түүн дотроо модон авсанд нас нөгчигсдийн шарилыг эд агуурсын хамт оршуулдаг байжээ. 1924-1925 онд Оросын эрдэмтэн П.К.Козловын удирдсан Монгол-Төвөдийн экспедиц ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. Малтлагаар ноосон нэхмэл, ширдэг, торгон хөшигний хээ олдсон нь хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа бөгөөд  энэ нь Монголын хосгүй үнэт дурсгалын нэг юм.  

1927 онд А.Д.Симуков Ноён ууланд булш малтаж эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс, торгоны өөдөс, хятад бичээстэй чий будагтай аяга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс олжээ. Аяганы дотор талыг тайлан уншихад МЭ 1-р онд Хятадын Сычуан мужид хийсэн болох нь батлагдсан.

 


4. Гуа дов эртний хотын туурь:  

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Хэрлэн мөрний баруун этгээд Цагаан арал гэдэг газар сумын төвөөс зүүн хойш 28 км зайтай оршдог. 1920-иод онд Монгол Улсын судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онходын Жамъян нутгийн ард иргэдээс мэдэж анх олж үзсэн түүхтэй. 1952 онд эртний судлаач Х.Пэрлээ малтлага хийн холбогдох он цагийг Хүннү гүрний үе буюу Н.Т.Ө II зуун Н.Т I зуунд хамааруулжээ. Тэр үед Гуа дов хэрэм нь хэмжээгээрээ хойноос урагш 367 м баруунаас зүүн тийш 360 м, хэрмийн өргөн 3,5-7,5м, өндөр нь 50-70 м байсан бөгөөд Х.Пэрлээ энд нийтдээ 12 газар малтаж Гуа дов хэрмийг Хүннү нарын өвөг дээдсийн хүүрийг хадгалсан бунхан байсныг хожим тоногдсон хэмээн үзсэн.








5. Гашуун балтастайн Түрэгийн гэрэлт хөшөө:

Энэхүү дурсгал нь 3 хэсэг хөшөө чулуунаас бүрдэх бөгөөд 1 чулуу нь унаж хугарсан.

Хөшөөний хэмжээ: 1 “320*67*30см”, 2 “75*50*17см”, 3 “250*60*13см”.

Төв аймгийн Баянцагаан сумын төвөөс хойд зүгт 45 км, Өлзийт нуурын хойд зүгт, Балгастайн уул байдаг. Тус газар нь Далайн түвшнээс 1354 м өндөрт оршдог. N47 00 34.0 E106 59 65.1 солбилцолд Тарлан балтастай хэмээх газарт Түрэгийн үед холбогдох хар, саарал өнгийн боржин чулуугаар хийсэн ямар нэг тамга, тэмдэг, бичиг, дүрслэл байхгүй нийт 5 тахилын онгоны хөшөө чулуу байна. 



 

6. Хүүхэн хонгорын хүн чулуу:

Төв аймгийн Баянцагаан сумын нутаг. Сумын төвөөс зүүн хойш 30 гаруй км зайтай Хүүхэн хонгор уул оршдог. Энэ уулын бэлд өвөрмөц хийц донжийн хоёр хүн чулуу байдаг бөгөөд 4 м голчтой дүгрэг чулуун булшин дээр нэг нь зоолттой, нөгөө нь сул байрлах эдгээр дурсгалууд нь дор бүрнээ өөр өөр өнгийн элсэн чулуугаар хийгдсэн. Эдгээр хөшөөг Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн хангайн анги 1988 онд анх судлан тодорхойлсон. Өндөр нь 100см, мөрний өргөн 45см, баруун гараа цээжний өмнө барьж зүүн гараа өвдөг дээрээ тавин түшлэгт сандалд суусан хүнийг урлажээ. Сул байрлах шаргал өнгийн элсэн чулуун хөшөө хүн чулууны их биеийн доод хэсэг алга болж, толгой нь салж унасан, 78*42*30см хэмжээтэй энэ чулууг анх нэлээд ур чадвартай уран гартан урлаж хийсэн бололтой бөгөөд түшлэгт сандалд суун баруун гараа нугалан цээжний өмнө хундага маягийн сав барьж, зүүн гараа өвдөг дээрээ тавьснаар дүрсэлсэн.




7. Бороогийн суурин:          

Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйгаас хойш 30 км зайтай Бороо голын баруун эрэг дээр бий. Энд цагаан чулуу гэгдэх Бороо голруу харсан амны адагт Бороогийн алтны уурхайн хуучин төв байдаг бөгөөд тэнд дэрс, халгай ургасан дов, хонхор ихтэй хэсэг газраас янз бүрийн хээтэй шавар ваар савны хагархай, малын яс зэрэг зүйл ихээр олдож байсныг археологич Ц.Доржсүрэн 1966 онд үзэж он цагийн хувьд Хүннү улсын үед холбогдох хот суурин газар болохыг тогтоосон байна.




8. Цогтын хадны бичээс:

Халхын Баарай хошуучийн хүү Цогт 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэгийн ууланд ан авлаж яваад өндөр уулан дээр гарч нэгэн шүлэг цээжээр зохиосныг хамт явсан Эрх хиа гэгч бичиж авч дараа нь 1624 оны хаврын тэргүүн сарын шинийн 18-нд Дайчин хиа Гүенбаатар хоёр тэр шүлгийг одоогийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Дуутын хар чулуу хэмээх хаднаа сийлэн бичиж үлдээсэн нь өдгөө тэнд бий. Монгол бичгийн долоон бадаг 28 мөр шүлгийг сударлан авсныг хойно дөрвөн жил болоод мөн хулгана жилийн нэгэн сарын 18-наа Дайчин хиа, Гүенбаатар хоёр хаданд бичбэй* хэмээжээ. Оросын Монголч эрдэмтэн В.Л.Котвич 1912 онд нэгэн бичигтэй чулуу байдгийг сонсож, судлуулахаар хуулбарыг  Эрдэмтэн Б.Я.Владимирцовт өгөв. Б.Я.Владимирцов уншаад судалгааны хамт 1927 онд нийтлүүлсэн байна. Ингэж уг бичээс уншигч судлаачдын хүртээл болсон байна. Онон мөрөнд байсан халуут эгчээ зохиогч санан мөрөөдсөнөөр бичсэн нь Цогтын хадны шүлгийн гол агуулга юм.

 


 9. Их хөшөөт буюу Кулчурын гэрэлт хөшөө, цогцолбор дурсгал:

Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, сумын төвөөс зүүн хойш 40-өөд км зайд Давст хэмээх нуурын хойд биенээ энэ дурсгал бий. Уг дурсгал нь 53*35м хэмжээтэй гонзгой дөрвөлжин шороон хэрмээр хүрээлэгдсэн тахил шүтээний томхон цогцолбор юм. Их хөшөөтийн дурсгалыг 1912 онд эрдэмтэн В.Л.Котвич илрүүлэн судалсанаас хойш судлаачид нэг бус удаа нарийвчлан шинжилж зарим нь бага хэмжээгээр малтлага хийжээ. Дурсгалын гэрэлт хөшөөний бичээсийг тайлан уншсан эрдэмтдийн үзэж буйгаар уг цогцолборыг 740-өөд оны Түрэгийн цэргийн нэрт жанжин Тардуш түмний ноён, шад цолт Кулчурын дурсгалд зориулан босгосон бөгөөд гэрэлт хөшөөнд түүний хийсэн аян дайн, баатарлаг үйлсийг тэмдэглэн бичиж мөнхрүүлсэн ажээ.


 

10. Манзуширын хийд:

Манжийн хаадын шүтээн гэгддэг Манзуширын хувилгаан нь анх Энэтхэг оронд гарсан бөгөөд түүнээс хойш Төвөдөд хэдэн удаа, Монголд таван удаа тодорч байжээ. Анхны Манзушир хувилгаан Наваанжамбалцанг залан ирж 1733 онд Богд хан уулын өвөрт Төвөд хэлбэртэй 80 жан хэмжээтэй анхны сүмийг барьж эхлэн 1747 онд дуусгажээ.

16-р  зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулсан бөгөөд дуганы өмнө талд Богд хан ус татаж хиймэл нуур хийсэн байжээ. Цогчин дуганд цанидын хурал хурах болсонтой холбогдуулан 1760 онд Дамдинянсангийн Бадам Ёгогийн дацан, 1756 онд Цанидын дуганыг барьсан байна. 1770 онд Цогчин дуганы ар талд Шар хүрээ гэдэг нэртэй Богдын ордонг барьжээ.Энэ ордонг хожим 1919 онд сэргээн засаж 1920 онд VIII Богд сууж байжээ. 1780 онд Сэрүүн Лаврин хэмээх ордонг барьжээ. Манзуширийн хийдийг 1937 онд нурааж буулгасан ба хийд нь бүгд 21 орон савтай гэж 1938 оны бүртгэлд бүртгэгдсэн байна. Одоо Манзуширийн хийдийн сүм дугануудын буурь, туурь үлджээ. Манзуширийн арын хадан дээр сийлмэл зураг, туурийг 1994 онд улсын хамгаалалтад авсан. Харин гэрэл зургийг үндэслэн 1994 онд Манзушир хутагтын зуны ордон байсан Сэрүүн лавринг засаж янзлан Төв аймгийн музейн салбар шашны музей болгосон. Дотор нь Манзушир хийдийн 1920-иод оны байдлыг харуулсан гэрэл зураг болон шашны эд хэрэглэлийг дэлгэн  харуулсан байгаа.


 

11. Тэрэлжийн дөрвөлжин /Хар балгас/:

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Тэрэлжийн голын зүүн эрэгт орших эртний дөрвөлжин хэрмийг 1925 онд Оросын нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцов,буриад эрдэмтэн Бараадын Базар нар олж бага зэрэг малтаж үзсэн байна. 1949 онд Оросын нэрт археологич В.С.Киселев тэнд очиж үзээд Хүннүгийн үеийнх гэж он цагийг тогтоосон бөгөөд энэ нь 1952 онд Х.Пэрлээгийн хийсэн шинжилгээгээр батлагдсан юм. Нийтдээ 235*235м хэмжээтэй. Хэрмийн одоогийн өргөн нь 10-15 м, өндөр нь 0,5-0,8 м гадуур татсан сувгийн нь өргөн 3-6 м, гүн нь 0,5-0,7 м байна. Хэрмийн доторх 15*17, 20*25 м талбайтай хоёр барилгын орыг малтахад Хүннүгийн үеийн Гуа дов хэмээх барилгын хэрэглэгдэхүүнтэй тун төстэй тосуур, нөмрөг ваар, хээтэй тоосго зэрэг олдсон байна. Энэ малтлагын үр дүнд үндэслэж эрдэмтэн Х.Пэрлээ Тэрэлжийн дөрвөлжинг Хүннүгийн үеийн шүтлэгийн чанартай газар байсан гэж үзжээ. 




 

12. Бүрхийн дөрвөлжин хотын туурь /Хараалчийн хэрэм/:

Төв аймгийн Мөнгөнморьт сум Хэрлэн голын цутгал зүүн Бүрхийн голын баруун хөвөөнд орших эртний дөрвөлжин хэрмийн орыг нутгийнхан нь бөө удган хоёрын суусан газар “Хараалчийн хэрэм” хэмээн домоглож нэрлэдэг. Бүрхийн дөрвөлжин бол 4 тал шороон хэрмийн ор юм. Хэмжээ нь 18*30м, 29*29м хэмжээтэй хоёр барилгын ор бий. Тэнд хийсэн 5 малтлагаар барилгын дээврийн ваарны хагархай садармал хээтэй дөрвөлжин тоосго олдсон бөгөөд үүгээр нь Гуа дов, Тэрэлжийн дөрвөлжин зэрэг Хүннүгийн үеийн хэрэмтэй нэг цаг үеийнх гэж эрдэмтэд үздэг.


  

13. Уянгын үзүүрийн хадны зураг:

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Уянгын үзүүр гэдэг газарт байдаг. Сүг зурагтай хаднууд олон бий. Энэ  дурсгалууд нь  улсын хамгаалалтад орсон. Төв аймгийн Өндөрширээт сумын төвөөс хойд зүгт 16 км зайд N47 32 06.2, E104 47 57.0 солбилцолд, далайн түвшнээс дээш 1195 м өндөр орших Уянга хэмээх эгц өндөр хадтай уул бий. Уулын энгэр бэлээс орой хүртэлх үргэлжилсэн хавтгай хаданд цуварч яваагаар дүрсэлсэн янгир, янгирын өмнө нум сум татаж буй, гүйж байгаа хүн, чоно, цуварч яваа морь зэргийг дүрсэлсэн 30 гаруй түрэгийн үед холбогдох хадны зургууд бий.


14. Тоньюкукын цогцолбор дурсгал

Төв аймгийн Эрдэнэ сум Баянцогт уулын баруун хойд /Налайхаас зүүн тийш 20 орчим км зайд/ ард оршино. Тоньюкукын бунхант энэ дурсгал нь Түрэгийн нэртэй язгууртны иж бүрэн дурсгалын нэг бөгөөд түүнд багтах гэрэлт хөшөөний Орхон, Енисейн бичээс дэлхийд нэрд гарсан цөөн тооны бичиг дурсгалын нэгд тооцогддог.  Гэрэлт хөшөө нь 2 чулуун дээр нийт 8 талд нь 62 мөр бичсэн бичээстэй бөгөөд тухайн үеийн Түрэгийн нийгмийн байдлыг Тоньюкукын намтартай холбогдуулан бичсэн агуулгатай юм. Энэ дурсгалыг анх 1897 онд Оросын судлаач Е.Н.Клеменц олж булшин дээрх гэрэлт хөшөөний бичээсийг цаасаар хэв авч гэрэл зураг татсаныг академич В.В.Радлов орчуулжээ.1909 онд Г.И.Рамстедт, 1925 онд Б.Я.Владиморцов, Барадын Базар нар тэндээс тоосго дэвссэн шал дээврийн төрөл бүрийн ваар олжээ. Тэр цагаас хойш П.Аалго /1957/, Е.И.Убрятова нар газар дээр нь биечлэн очиж хөшөөний бичээсийг нарийвчлан судлах үйлст хувь нэмрээ оруулжээ. Барилгын шал дундаас нөмрөг тосуур ваарны захыг нийлүүлэн нааж цувруулан тавьсан усан хоолой гарсан байна. Барилгын чимэглэлээс баганын толгойд нааж чимж шавраар хийсэн өтгөн хөмсөгтэй том бүлтгэр нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай, нүүрэн чимэг зэрэгтээ 2 ба 3 гүвгэр татаж хийсэн шавар чимэг, мөн товойлгож гаргасан давхар дөрвөлжин зоосон хээтэй нүүр ваар зэрэг олон сонирхолтой олдворууд гарчээ.



 

15. Гүнжийн сүм: 

Дархан ван ноёны дээд нэг үе Богд дархан ван Дондовдорж 1697 онд Манжийн Энх-Амгалан хааны Хичээнгүй амирлангуй гүнжийг хатнаа болгон авч олон он жил ханилан суужээ. Хожим тэр хатныг нас барахад Манжийн хааны зарлигаар Баруун Баянд сүм барьж тэр сүмд шарилыг нь оршуулж, Гүнжийн сүм гэж нэрлэжээ. Хошуунаас нэг отог таслан сүмийг сахиулж байсны зэрэгцээ лам нар хурал хурж сүмээ байнга тахин шүтэж байсан бөгөөд мал маллах тарианы ажлыг тусгай ард сүмчид хийдэг байжээ. Гүнжийн сүмийн өрөө тасалгааны тавилга, эд хогшил, ширээ сандал, олбог түшлэг, авдар шүүгээ, толь, хувин, домбо сэлт, хаш чулуу, нарийн шаазан, зандан, суман зэрэг модоор маш нарийн урлаж хийсэн үнэт эдлэл цөм удтал хадгаглагдаж байгаад 1938-1942 оны үеэр сүйтгэгдэж, тоногдсон байна.

Гүнжийн сүмийн үлдэж хоцорсон байгууламж нь: Богдын хаалганаас хоёр тийш үргэлжилсэн 2,5 м өндөр, 4900 ам дөрвөлжин талбайтай хэрмэн доторх гол сүм, хэрмийн гадна талд орших харгалзагчийн байшин, цамхаг, 1740 онд бариулсан “Хичээнгүй Амарлингуй гүнж”-ийн шарилын хөшөө зэрэг болно. 1979 онд Шинжлэх ухааны хүрээлэн гүнжийн булш, хөшөөний орчимд хэд хэдэн малтлага хийж газар дор байсан шарилын байшинг олжээ. Булшны барилга байгууламж нь 7,5 м урт, 5 м өргөн, 1,75 м өндөр бөгөөд дотуураа тоосго өрсөн давхар өрөөтэй. Гол сүм нь дөрвөлжин хэлбэртэй 4,2 м өндөртэй, 8 баганатай бөгөөд урдаас хойшоо нэвт гарсан хаалгатай байсан байна.


 

 

 

Холбоотой мэдээ