Шаардлагыг нь биелүүлэхэд зургаан өдрийн хугацаа өгчээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-04-14 12:42:52

БЕЛГРАД. /RIA Novosti/. Серби улсад болж буй олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид өөрсдийнх нь тавьсан шаардлагыг биелүүлэхэд эрх баригчдад зургаан өдрийн хугацаа өгсөн байна.


“Бидний тавьсан шаардлагад нааштай хариу өгөхөд ирэх долоо хоногийн баасан гараг хүртэл зургаан өдрийн хугацаа өгч байна. Хэрэв эрх баригчид биднийг сонсохгүй бол долоо дахь өдөр нь дахин жагсана” гэж эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулж буй Югослав Киприянович мэдээлэв.


Бямба гарагт Сербийн нийслэл Белград хотын төвд орших парламентын ордны дэргэд бүх нийтийн эсэргүүцлийн ажиллагаа болсон байна. Түүнд оролцогчид хэд хэдэн удаа үг хэлсний дараа Засгийн газрын ордон руу тайван жагсаал хийжээ.


Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич гарч ирнэ гэж жагсагчид хүлээж байсан боловч тэрбээр гарч ирээгүй байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Небойша Стефановичийн тайлбарласнаар, төрийн тэргүүн "цөөн тооны хүмүүсийн өмнө үг хэлж сураагүй" аж. Түүний хэлснээр, эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчид ердөө 7500 хүн цуглуулсан байна.


Харрин эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчдын мэдээлснээр, Белград хотын төвд болсон жагсаалд 35 мянган хүн оролцжээ. Эсэргүүцлийн ажиллагаа тайван болсон байна.


Сербид өнгөрсөн оны 12 дугаар сар гарснаас хойш долоо хоног бүр эсэргүүцлийн ажиллагаа болж байгаа юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Крушевац хотод тус улсын сөрөг хүчний “Левица” намын дарга Борислав Стефанович болон түүний хоёр хамтран зүтгэгчийн биед халдсан хэрэг гарсан нь эсэргүүцлийн ажиллагаа өрнөх шалтгаан болжээ. Сэжигтэн этгээдүүдийг баривчилсан гэж Сербийн Дотоод хэргийн яам дараа нь мэдээлсэн боловч улс төрийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрсөн гэж сөрөг хүчнийхэн эрх баригчдыг буруутгасан байна.


Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид Сербийн улстөрч Оливер Ивановичийг 2018 оны нэгдүгээр сард Косовод хөнөөсөн хэргийн буруутныг олох, Дотоод хэргийн сайд Небойшу Стефановичийг огцруулах, үндэсний телевизийн РТС сувгийн удирдлагыг солихыг шаардаж байгаа аж. Үүнээс гадна, жагсагчид Ерөнхийлөгч болон Засгийн газрыг огцруулж, ил тод, шударга сонгууль явуулахыг шаардаж байгаа юм.


Холбоотой мэдээ