Д.Бямбадорж: XIX-XX зууны эхэн үеийн Улиастай хотод оросууд үйлдвэрлэл явуулж байсан баримт байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-04-19 21:53:04

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь МУИС-ийн Завхан сургуулийн багш Д.Бямбадорж, Д.Алтанхуяг, М.Цогбаяр нар XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тоймыг судалж сонирхолтой хэлбэрээр иргэдэд цахимаар болон хэвлэмлээр хүргэх ажлыг 2018 оноос эхлүүлсэн билээ. Тэд энэхүү судалгааны бүтээлийг аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж цувралаар олны хүртээл болгосон байна.

Улиастай хотыг эртний, худалдааны томоохон хот байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг. Бид өмнө нь хятад худалдаачдын талаар ярилцаж байсан бол энэ удаад Завхан аймаг дахь МУИС-ийн Завхан сургуулийн багш магистр Д.Бямбадоржтой уулзаж XIX-XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тойм, Оросын худалдааны талаарх судалж нийтлүүлсэн сонирхолтой түүхээс нь тодруулж ярилцлаа.


-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Завхан аймгийн нэгдсэн фэйсбүүк групп болон цахим сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр танай сургуулийн нэр бүхий гурван багш хамтран Улиастай хотын худалдаа наймаа, пүүс, худалдааны зам гээд сонирхолтой түүхийг судалсан тухайгаа цувралаар хүргээд жил гаруй болж байна. Улиастай хотыг эртний түүхт хот гэдгийг хэн хүнгүй мэддэг. Гэхдээ яагаад заавал Улиастай хотын худалдаа эдийн засгийн талаарх судалгааг хийх болов? 
-Аливаа улс орны түүх нь орон нутгийн түүхээс бүрддэг бөгөөд энэ нь түүхийн шинжлэх ухааны хавсарга ухаануудын нэг юм. Орон нутаг судлал нь тодорхой нутаг, дэвсгэрийн хүрээнд тухайлсан ард түмний нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын түүхэн хөгжилтийн асуудлыг улс орны түүхэн хөгжлийн ерөнхий зүй тогтол, чиг хандлагатай нь авч үзэж судалдаг танин мэдэхүйн нэгэн салбар билээ. Тиймээс орон нутгийн түүхийг судлах нь тухайн улс орны түүхийн бүрхэг бүдэг асуудлыг тодруулах, гүнзгийрүүлэн судлахад болон тухайн орны нийгмийн хөгжил орон нутгийн түүхэнд хэрхэн бодитой илэрч буйг танин мэдэж, ойлгон ухаарахад судалгаа шинжилгээ, практик ач холбогдолтой байдаг. Манай улсад энэ чиглэлийн судалгааг харьцангуй бага судалж хоцрогдонгуй явж ирсэн байдаг. Бид энэ удаад XIX-XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тойм судалгааг нэгтгэн гаргах зорилго тавьсан. Яагаад гэвэл Улиастай хот бол бидний үүх түүхтэй төрөлх хот. Мөн энэ эртний түүхтэй хотод МУИС-ийн Завхан сургууль эдийн засгийн чиглэлээр боловсрол олгож байна. Тиймээс судалгаа хийх нь бидний үүрэг хариуцлага болоод байна.

Ингээд Улиастай хотын талаар гадаад, дотоодын эрдэмтдийн судалгааг нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийх, Улиастайн худалдаа, эдийн засгийн түүхэн тоймыг албан баримт хэрэглэгдэхүүн, архивын баримт, жуулчдын тэмдэглэл, сурвалжид тулгуурлан гаргах, Улиастайн худалдаа наймаанд оролцогч талуудын талаарх дэлгэрэнгүй сонирхолтой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой энэ ажлыг эхлүүлсэнгаа.  
Бид судалгаандаа Улиастай хотын түүхтэй холбоотой түүхэн гэрэл зургуудыг ашигласан бөгөөд Оросын Петр хааны нэрэмжит Угсаатны зүй, хүн судлалын музейд хадгалагдаж байгаа 1870-1894 оны үед авсан зургууд, 1872 онд Потаниныг дагаж явсан зурагчин Аделев, Клеменц Оросын нэрт археологич, Чарушин нарын зургууд, Германы жуулчин Хермани Констений авсан гэрэл зургуудыг ашигласан байгаа. Эдгээр гэрэл зургууд нь одоо мэдэгдэж байгаа Монголын түүхэнд холбогдох хамгийн эртнийх юм.
-Улиастай хотыг эртний түүхтэй гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл хомс байдаг юм шигээ. Ялангуяа худалдаа наймааных нь талаарх мэдээлэл?
-Монголын хот суурины түүхнээ өөрийн гэсэн өвөрмөц, эртний түүхийн улбаатай нэгэн хот бол Улиастай. Улиастай хотын түүхийн судлалаар Л.Дэндэвийн “Улиастай жанжин хөөгдсөн тухай” (Манжаас монголчилсон), Г.Навааннамжилын 1941 оны "Өвгөн бичээчийн яриа", М.Санждоржийн “Улиастай хотын байгуулагдсан нь” нэртэй 1963 онд “Этнографийн судлал” сэтгүүл, “Хатанбаатар Магсаржав Улиастай хотыг цагаантнаас чөлөөлсөн нь”, “Түүхийн судлал” сэтгүүл, “Завхан аймгийн түүхэн тойм” сэтгүүл, “Улиастай дахь манжийн засаг захиргааны төв устсан нь” гээд зохиолууд дээр судалгаа шинжилгээний бүтээлүүд туурвисан байдаг. Эдгээр судалгаанаас худалдаа, эдийн засгийн асуудлыг судалсан нь бага байдаг. Тэгэхээр Улиастай хотын анхны эхлэл Хүннү гүрний үеэс суурь нь тавигдаж, XVIII зууны дунд үед Манж нар хуучин хотын туурийг түшиглэж, сангийн хотыг үүсгэн байгуулж түүхэнд Улиастайн цэргийн хүрээ, Цэргийн их хүрээ, Умард замын их цэргийн хүрээ гэх зэргээр нэрлэж байсан байна. Анхандаа цэргийн хүрээ байсан бол аажимдаа цэрэг, иргэн засаг, захиргааны төв болж өргөжсөн байдаг. Манж нар Улиастайд сангийн хотыг байгуулсантай зэрэгцэж түүнийг дагалдаж хятад худалдаачид орж ирснээр худалдааны ажил эрчимжиж, хүнсний ногоо тарих ажлыг эхлүүлсэн байдаг. Тухайлбал “Зүүн гарыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг” 34-р дэвтэрт “Улиастайн газар дотоод, гадаадад мод босгож, дунд нь хөрс шороо тавьж дагтаршуулан хот үйлдэж хотын дотор санхүү байгуулж эсэргэн жил ногоо гарсныг үзэж ...цэргийн зэвсэг, дарийн зэрэг дараа дараагаар зөөн авчирсугай” гэжээ. Эндээс харахад Улиастайд тариа, ногоо тарих ажлыг туршиж үзэж байсан нь харагдаж байгаа юм.
-Улиастай хот  яагаад худалдааны гол төв болж байсан юм бол? 
-XVIII-XX зууны Монгол орны худалдаа, жин тээврийн хэд хэдэн гол замтай байсан байгаа юм. Тухайлбал умард Монголын засаг захиргаа, эдийн засгийн томоохон төвүүдийг холбосон Их Хүрээ–Заяын хүрээ–Улиастай–Ховд чиглэлийн гол төв зам шууд дайран өнгөрч байсан бол Улиастайгаас шууд Хиагт орох замаар гол төлөв үхэр тэргээр жин тээж байжээ. Мөн тухайн үед Манж Чин улстай холбогдсон худалдааны гол замууд мөн л Улиастайгаар заавал дайран гардаг байсан байгаа юм. Тухайлбал, Улиастай-Сайр ус-Хаалганы чиглэлийн 1700 орчим бээр зам юм. Энэ зам бол Монголыг Хятадтай холбосон хамгийн том зам нь байв. Мөн Улиастай–Гун Чений чиглэлийн 800 бээрийн урт зам нь Халхыг Зүүнгарын нутагтай холбосон чухал замд тооцогддог байсан. Энэ хоёр замаас гадна Улиастай-Хөх хот, Улиастай–Бархөл, Улиастай-Цонжийн чиглэлийн замуудаар жингийн цуваа тасардаггүй байжээ. Харин Орос улстай холбогдсон худалдааны гол замууд гэвэл Улиастай–Хангилцаг-Урианхайн хязгаарын Хөшөө модны чиглэлийн зам. Энэ зам нь 600 орчим бээр үргэлжлэх бөгөөд Оросын худалдаанд нэлээн ирээдүйтэй хэмээгдэж байжээ. Мөн Улиастай–Хатгал-Мондийн чиглэлийн зам Улиастайг Оросын өмнөд Сибирийн мужуудтай холбосон зам байсан гээд Улиастай бол худалдаа наймааны гол зам дайран өнгөрдөг томоохон төв байсан байдаг.
-Тэгвэл Улиастай худалдааны төв замыг холбож байсан болохоор мэдээж энэ сууринд томоохон худалдааны пүүсүүд, бас бус байгууллагуудыг байгуулж байсан байх даа? 
-Тэгэлгүй яах вэ. Улиастайн сууринд худалдааны ажил өргөжсөнтэй холбоотойгоор хоёр байгууллага бий болсон. Юуны түрүүн зохицуулах, хянах татвар хураах үүрэг бүхий Цагдаагийн товчоог байгуулж байсан байгаа юм. Энэ товчоонд нэг түшмэл, хоёр цагдаа ажиллах бөгөөд тэд Сангийн хотын цэргүүдээс гурав, гурван сараар томилогдон ирж ажилладаг. Эрх үүргийн хувьд Улиастай хотод хэв журам сахиулах, жижиг хулгай залилангийн хэргийг шийтгэхээс гадна татварын байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байжээ. Мөн Улиастайд ирж байгаа бараа таваараас татвар хураахдаа, нэг тэмээ ачаа тутмаас хоёр цэн мөнгө татварлан авдаг. Харин хэрэглээний чухал бүтээгдэхүүн болох гурилаас татвар авдаггүй, харин ч монголчуудыг гурил, будаагаар хангах явдлыг дэмжиж байсан байгаа юм. Мөн худалдааны ажил эрхлэх байшингаас газрын татвар хураадаг журамтай байжээ тэр үед. Харин нөгөө нэг байгууллага нь гадаадын худалдаа өргөжсөнтэй холбоотойгоор 1904 онд байгуулсан Гаалийн хороо юм. Тэрхүү Гаалийн хороо нь Оросоос орж ирэх бараа таваар болон Орос руу гарч буй ангийн үс, малын үс ноос зэрэг түүхий эдээс татвар авдаг байжээ. Улиастайн гаалийн хороо нь эхэн үедээ Улиастайн манж жанжны газарт захирагдаж байснаа, 1912 онд Улиастайг чөлөөлсний дараа Улиастайн сайдын газарт харьяалагдах болсон байгаа юм.
Энэ үеэс Улиастай хот нь баруун Монгол төдийгүй Монголын худалдаа эдийн засгийн гол зангилаа хот болж хөгжиж байжээ. Хөгжлийн үйл явцтай зэрэгцэн Орос, Хятад болон бусад орны худалдааны пүүсүүд олноор байгуулагдан, наймаачид нь  худалдаа, арилжаа эрхэлж байсныг зарим ном хэвлэлд өгүүлсэн байна.
-Улиастайд хятадын том пүүсүүд байсан талаар үргэлжлүүлэн ярилцъя. Харин энэ удаад танаас XIX-XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тойм, Оросын худалдааны талаар та дэлгэрэнгүй тодруулан хэлж өгөөч?

-Тэгэлгүй яах вэ. Анх 1876 онд Улиастай хотод Оросын худалдааны анхны газрыг нээж байсан түүхтэй юм билээ. Улиастайд хамгийн анх дэлгүүр нээсэн хүмүүс бол Бийскийн худалдаачин И.Г.Игнатьев, Г.Бодунов нар юм. 1892 онд О.И.Минин, А.В.Васнев, И.А.Игнатьев, Сафьянон нарын пүүсүүд нэмэгдсэн байна. 1913 онд хамгийн олон буюу 10 орчим пүүс ажиллаж байсан бол 1917 оны хувьсгалын дараа багасаж, 1918 онд И.М.Майскийн бүртгэснээр таван пүүс ажиллах болжээ. Оросын худалдаа нь Хятадын худалдааг бодвол, ард олны дотор нэлээд нэр хүндтэй байжээ. Учир нь Орос худалдаачдын бүтээгдэхүүний яс чанар сайн, Хятад худалдаачдын авчирдаггүй зарим зүйл, ялангуяа төмөрлөг эдлэл, янз бүрийн цэмбэ гүйлгэдэг байснаас худалдааны нийт эргэлт нь хурдан өсөж байсан байна. Мөн Москвагаас авчирсан боловч уг гарал нь герман бараанууд байдаг байсан нь судалгааны баримтуудад байна.

-Ер нь анх орос худалдааны бизнесийг ямар хүмүүс эхэлж суурийг нь тавьж байсан юм бол?

-Г.Бодунов, И.Г.Игнатьев, А.В.Васенев зэрэг Монгол дахь Оросын худалдааны алтан хараацайнууд гадаад худалдааны реэкспорт, импортын суурийг тавьж байжээ. Өөрөөр хэлбэл Хятадын өмнөд нутгаас цайны наймаа хийж, мөн Орос барааг үйлдвэрлэгчээс авч тал нутагт хүргэх өргөн хүрээтэй ажилладаг байв. Оросын зарим худалдаачин Енисей мөрний эхээр нутагладаг урианхайнуудаас цаа бугын эвэр худалдан авч Улиастайгаар дамжуулан Бээжинд хүргэж борлуулах явдал ч байсан байдаг. Орос худалдаачид хятад худалдаачдаас худалдан авсан бараа үйлчилгээний үнийг 20-30 хувиар нэмэгдүүлж борлуулж эхэлсэн нь тэд үйлдвэрлэлээс биш худалдаанаас ашиг олж эхэлсэн байдаг. Энэ үйл явц нь үйлдвэрлэгч болон худалдаачдын дунд өрсөлдөөн болох нь хэрэглэгчдэд таатай уур амьсгалыг төрүүлдэг гэдэг утга санааг илэрхийлж байна.  

-Тэгвэл өнөө үеийн хэрэглэгчдийн хэрэглээний чиг хандлагыг мөн хэрэглэдэг байсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Өнөө үеийн хэрэглэгчдийн хэрэглээний чиг хандлагын өөрчлөлтийг судлах, зах зээлийг эзлэх стратегийн хувилбарыг тэр үед ч орос худалдаачид хэрэгжүүлж байсан. А.Чуецийн тэмдэглэлд бичсэнээр хятад худалдаачдыг орон нутагт нь буцаасан нь орос худалдаачдад илүү их боломжийг олгож байв. Барааны үнэ буух шалтгаан нь хятад худалдаачид юм. Орос худалдаачдын бүтээгдэхүүний эргэлт удаан байсан тул бараа үйлчилгээний хомсдолыг харж чадсан хятад худалдаачид тухайн нөхцөл бололцоог ашиглан бараа үйлчилгээг нийлүүлж худалдаагаа сэргээх оролдлогуудыг хийдэг байсан түүх байна. 1913 онд Орос болон хятад худалдаачдын дунд шударга бус /бүдүүлэг/ өрсөлдөөний хэлбэр явж байсан. ХАҮ-ийн сонин 1914 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №99-д бичсэнээр жишээлбэл хятад худалдаачид найман арш даалимбаны оронд долоон арш бүр зарим тохиолдолд зургаан арш хийж байсан. Мөн чанар муутай утсаар оёсон даалимбыг давстай будгаар будаж зузаан материалтай мэт харагдуулах аргыг ч ашиглаж байсан байна. XX зууны эхэн үеийн Улиастай дахь Орос пүүсийн барааны худалдан авах ба худалдах үнэ гэхэд сонин баримт байна. Үүнийг хүснэгтээр харуулъя.

Үүнээс үзэхэд Орос улсаас импортлон Улиастай хотод зарагдаж буй өргөн хэрэглээний зарим барааны үнийг авч үзвэл зарагдах үнэ нь импортын үнэнээс 2-2,5 дахин их байна. Өнөөгийн үед ч дээрх нөхцөл байдал хадгалагдсаар л байна. Хөрш улсуудаас импортолж буй зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн харьцуулалтыг мөн харуулъя.

Үүнээс үзэхэд Монгол улсад экспортлогч гол хөрш орнуудын зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг харьцуулж үзвэл Хятад улсын бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямд байжээ. Энэ хүснэгтэд бүтээгдэхүүний чанарыг харьцуулаагүй юм. Харин нэг төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал/Орос-Хиагтаас Улиастай хүртэлх/-ыг авч үзвэл:

Үүнээс үзэхэд орос худалдаачид бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо тээвэрлэлтийн зардал дээр илүү их нэмэгдэл нэмж тогтоож байжээ. Орос худалдаачдын үйл ажиллагааны эхлэлийн үед бараа үйлчилгээний үнэ их өндөр байсан ба сүүлийн жилүүдэд буурах хандлагатай болжээ. 1914 оны байдлаар Улиастай дахь Орос пүүсүүдийн өрсөлдөөн шударга явж тэдний үйл ажиллагаа нь хэрэглэгчдэд таатай нөхцөлийг бий болгосон ба үүний үр дүнд завсрын дамын наймаачид зах зээлээс шахагдан гарсан байна. Энэхүү хөгжлийн процесс нь өнөөгийн нийгэмд ч хэрэгждэг шүү дээ. Харин тэр үед экспорт Монгол Улсын хэмжээнд ямархуу байсныг Сибирийн амьдрал сонины 1916.02.06 №29-д өгүүлснээр мөн хүснэгтээр харуулбал:

1912 онд Монголоос Орос руу дараах тооны малыг худалдаалжээ. Үүнээс үзэхэд тухайн үед адууны дундаж үнэ 30 рубль, шар 50 рубль, хонь 3.5 рубль байв. 1912 онд монголчууд оросуудад нийт 5608928 рублийн мал худалдсан байна. Жил бүр монголчуудын Оросоос олох орлого нь бод болон бог малаас зургаан сая рубль, түүхий эд, ноосноос хоёр сая рубль, 1913 онд Оросын тал монголчуудаас 100.000 орчим толгой хонь, 100.000 орчим толгой үхэр, 3.000 орчим толгой адуу нийт мөнгөн дүнгээр зургаан сая орчим рублийн худалдаа хийжээ. Монгол улсаас хөрш орнуудад экспортолдог бүтээгдэхүүний бүтцийг авч үзвэл мал болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнүүд байжээ. Энэхүү экспортын бүтээгдэхүүн нь тухайн цаг үеийн туйлын давуу талд суурилсан байна.

-Тэр үед Монгол малчид таван хошуу малаа худалдаалдаг байсан уу? Эсвэл бод малыг худалдаалдаг байсан юм болов уу?

-Монгол Улсаас хонь, үхэр, адууг тодорхой тоогоор хөрш хоёр улс руу худалдаалдаг байсан мэдээ, эх сурвалжууд байдаг харин ямаа болон тэмээг огт худалдаалдаггүй байжээ. Учир нь монголчууд ямаа хямд учир өөрсдийн хүнсэнд түлхүү, тэмээг ачлага уналгад хэрэглэдэг байж. Тэгээд ч тэмээний тоо харьцангуй бага байсан учир эдгээр малыг экспортолдоггүй байжээ. Бид мөн судалгааны үеэрээ сонирхолтой мэдээлэл олсон байгаа. Учир нь тухайн үеийн жуулчид, судлаачдын тэмдэглэлээс олсон малын үнийн судалгааны тухай баримтыг олсон. Тухайлбал 1913 онд худалдаачин Гүн Беннигсенийн үнэлгээгээр хонь, ямааг 2.5 рублиэр, үхэр 20, адуу 20, тэмээг 40-50 рублиэр тус тус худалдан авч байжээ. Харин 1912 онд Ноён Петровын эх сурвалжийн үнэ нь хонийг 3.5, шар үхрийг 50, адууг 30 рублиэр тус тус худалдан авч байжээ. Дээрх хоёр судлаачийн таван хошуу малын тус бүрийн үнэлгээ зөрүүтэй байна. Энэ нь олон учир шалтгаанаас хамаарсан байж болох юм. Авч үзэж буй онуудын хувьд 1912 оныг 1913 онтой харьцуулахад буурсан байж болох юм. Эдгээр мэдээллийг бид Ноён Петровын ном VII бүлэг, Гүн Беннигсен тэмдэглэл. /хошууны албан татварын данс/1913/ гэсэн баримтаас олж судалгаандаа нэгтгэсэн.

-Оросууд худалдаанаас гадна Улиастайд үйлдвэрлэл явуулж байсан юм болов уу?

-Тиймээ бид баримт цуглуулах явцдаа сонирхолтой баримт олсон байгаа. Улиастайд байсан оросууд худалдааны ажил хийхийн зэрэгцээ жижиг оврын үйлдвэр байгуулж байсан баримт бий. Тэр үйлдвэрүүд нь их төлөв ноос угаах, арьс элдэх үйлдвэрүүд байх бөгөөд тэрхүү ноосоо Оросын зах зээлд нийлүүлдэг байсан байгаа юм. Улиастайд Г.Бодунов, И.Г.Игнатьев нарын ноос угаах, арьс элдэх үйлдвэр байсан байдаг. Үүнийг бид Манжийн үеийн Монгол дахь Оросын ноос угаалгын газрын төв болоод хөдөө орон нутаг дахь ноос угаалгын газрын ажлын хөлсний хэмжээнээс харахад сонирхолтой баримт гарч ирсэн.

Дээрх ноос угаалгын үйлдвэрүүдэд монгол ажилчид ажиллаж Улиастайд гэхэд ноос угааж ангилах ажлыг 20 копейк, Өргөөд 40-50 копейкийн хөлсний үнэлгээний дагуу цалин авдаг байсан байгаа юм. Улиастай болон Өргөө дэх ижил ажлын байранд ажил олгогчдоос санал болгож буй ажлын хөлсний үнэлгээ харилцан адилгүй байгаа нь өнөөгийн хот, хөдөөгийн цалингийн ялгаатай байдал мөн тэр үед ч хадгалагдаж байсан сонирхолтой баримтууд байна.

-Та бүхэн хэдэн жилийн турш Улиастай дахь худалдаачдын баримт судалгааг хийлээ. Тэр үеийн худалдааны салбар, хөгжил ямар түвшинд байсан талаарх дүгнэлтийг хийсэн байх?

-Тиймээ. Бид эдийн засгийн сургуулийн багш нар учраас мэдээж энэ чиглэлийн баримт цуглуулах, судалгааны сонирхолтой мэдээллүүдийг олон нийтэд хүргэх нь үүрэг юм. XIX-XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тоймыг нэгтгэх явцад дээр үеийн гадаадын судлаачид, жуулчид, аялагчид Монгол орон мал аж ахуйн орон мөртөө тухайн аж ахуйгаа хөгжүүлдэггүй, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулдаггүй арчаа муутай хүмүүс хэмээн үзэж байсныг олон баримтаас үзлээ.

Мөн тэр үед Монгол эдүгээ төдийгүй ойрын ирээдүйд ч дэлхийн зах зээлд, Оросын зах зээлд ч мах нийлүүлэгч болж чадахгүй гэж дүгнэж байсан нь XXI зуунд ч биеллээ олж байгаа нь юутай үнэн, юутай харамсалтай үнэн дүгнэлт гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга үгүй. Тэр үеийн Улиастай болон Монгол Улсын гадаад худалдааны хэв шинжийг авч үзвэл, экспорт гэхэд нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бараа үйлчилгээ байхгүй, ихэвчлэн завсрын шинжтэй мал аж ахуйн гаралтай түүхий эд материалыг Орос болон Хятад улс руу экспортолдог байсан байна. Харин импорт нь өргөн хэрэглээний бараа үйлчилгээг хоёр хөрш орнуудаас импортолдог байсан ба өөрсдөө өрсөлдөгч болон орлон хэрэглэгдэх боломжтой үйлдвэрлэл үйлчилгээг эрхэлдэггүй байжээ. Үүнээс үзэхэд өнөө цагийн Монгол Улсын гадаад худалдааны бүтэц тэртээх IX болон XX зууны үеийн хэв шинж их ойролцоо, бараг хадгалсаар байна гэж хэлэхэд болохоор байна. Өөрөөр хэлбэл түүхий эд материалаа гадагшаа худалдаж мөнгө олдог, өргөн хэрэглээний бараа үйлчилгээгээ гаднаас худалдан авдаг хэрэглэгч байр суурьтай улс юм. 1912 оны үед хятад худалдаачид Улиастайгаас гарч орос худалдаачид монопол байдлаар үйл ажиллагаа явуулах үед бараа үйлчилгээний үнэ өндөр байсан бол хятад худалдаачид болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бараа үйлчилгээний үнэ буурсан байна. Тиймээс аль ч цаг хугацаанд өрсөлдөөн байх нь хэрэглэгчдэд илүү их боломжийг бий болгодог гэдэг нь үүнээс харагдаж байна. Улиастайд амьдарч буй монголчууд Орос болон Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрт ажиллах худалдаачдад хүнсний зориулалттай мах, цагаан идээ бэлдэж өгөх, галын мод худалдаалах зэрэг туслах аж ахуйгаар л орлого олдог байсан нь олон баримтад хадгалагджээ.

-Тэр үед орос, хятад худалдаачдаас гадна монгол иргэд худалдаа наймаа эрхэлдэггүй байсан юм уу?
-Бид өмнө нь Улиастай дахь хятад худалдаачдын талаарх судалгаа, баримтыг цуглуулж байсан. Энэ судалгаанаас үзэхэд мэдээж цөөхөн тооны монголчууд хятад иргэдтэй хамтарч худалдаа наймаа хийж байсан байгаа юм. Тухайлбал Содномдаржаа, Бээжин Билэгт, Баян боов, Бүдүүн луухаан, Хонхооюуны, Чотонхууны, Шил дов гэх зэрэг монголжсон нэртэй хамтарсан пүүсүүдээс гадна Америк, Английн салбар пүүсүүд ч Улиастайд байжээ. Энэ талаар Зүүн гарыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг, 34-р дэвтэрт дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Эдгээр пүүсүүд эхнээсээ шургуу зүтгэж нэг, хоёрхон жилийн дотор арваад дэлгүүр, мухлаг нээж Монголын зах зээлд түргэн нэвтэрсэн байдаг.
-Тэр үеийн худалдаа наймааг мөнгө ембүү зэргээр хийдэг байсан болов уу? Аль эсвэл малаар бараа таваараа сольдог байсан юм болов уу?
-Мөнгө, ембүү гэхээсээ илүүтэй авчирсан бараагаа хонь, ямаа, хурганы арьс, үхрийн шир, ноос ноолуур зэрэг Монголын малын гаралтай түүхий эд болгон борлуулж, түүнийгээ Сайр ус буюу Их Хүрээгээр дамжуулан Бээжинд хөлсний тэмээн жингээр хүргүүлдэг байсан байгаа юм.  Хөх хотын болон Бээжингийн худалдаачид малын түүхий эдээс гадна мал, ялангуяа хонийг олон тоогоор худалдан авч мянга мянгаар суурилан Хөх хот, Хаалган руу тууварлан аваачдаг. Мөн хангай, хөвчийн Монголчууд, Урианхайнуудаас хэрмийн арьс олноор нь авч, жилд 30 мянга орчмыг худалдан авдаг байжээ.
-Одоогийнх шиг мөнгө хүүтэй зээлдэг байсан тухай уншиж байсан юм байна?
-Яг үнэн шүү. Тэр үед Да Шен Куй болон Настын пүүсүүд аливаа албан ба амины хэрэгцээнд мөнгө хүүтэй зээлж монголчуудыг хүүлж байсан тухай баримт олон бий. Харин орос худалдаачид мөнгө хүүтэй зээлж байсан тухай баримт олоогүй.  
-Тэр үеийн худалдааны пүүсүүд нь бөөний худалдаа хийдэг байсан болов уу? Мөн яг ямар бараа их эрэлттэй байсан бол?
-Улиастай дахь Хятадын худалдаа нь жижиглэнгийн мухлаг, бөөний худалдааны дэлгүүр, агуулах, контор гэсэн хэсгүүдээс бүрдэж байжээ. Зарах бараа олон төрөл байх авч тэр дундаа цай хүндтэй байр суурийг эзэлдэг байсан байгаа юм. Учир нь Монголчууд түүхий ус уухыг цээрлэдэг. Муу хоолноос сайн цай дээр гэж үздэг байсан байгаа юм. Тиймээс ч хятадуудын зардаг гол бараа нь цай байжээ. Хаалганаас Хүрээ, Хүрээнээс Улиастай гэсэн замаар намраас эхлэн хавар хүртэл жин тээн цай тээвэрлэн авчирдаг байжээ. Мөн түүнчлэн торго, дурдан, хоргой, элдэв зүйл амттан зэрэг чамин тансаг барааг олноор нь зардаг байсан. 1900-ээд оны мэдээгээр Улиастайд Хөх хотын 12 орчим худалдааны пүүсээр зузаан цай, дайлан буу, төрөл бүрийн бүс, даавуу, гурил будаа, гахайн мах, загас, архи дарс, амны болон хамрын тамхи зэргийг борлуулж байжээ.

-Тэгвэл худалдаа наймааны тал дээрх хяналт хэрхэн тогтоогдож байсан юм бол?
-Айхтар хяналт байгаагүй байдаг. Харин орос болон хятад худалдаачдын дунд их өрсөлдөөн хавчиж шахах асуудал байсан байгаа юм. Тодруулбал 1911 оны хувьсгалын дараа Аан И, Гүй И зэрэг эрх баригчид Улиастай хотоос зайлан нутаг буцсан боловч энгийн худалдаачид Улиастайн яамны газрын зөвшөөрөлтэйгөөр худалдааны хэргээ үргэлжлүүлэн явуулсаар байжээ. Тэднийг Улиастай хотоос шууд хөөн гаргах нь тухайн үед зөв шийдэл биш байв. Хэдийгээр Улиастайд Орос худалдааны газрууд нэлээн байсан ч тэд баруун бүс нутгийн иргэдийг хэрэглээний бараа таваараар хангаж чадахгүй байсан. Үүнийг эдийн засгийн хувьд хараахан бэхжиж амжаагүй байсан Богд хааны засгийн газар болон Улиастайн сайд Чин ачит ван Гончигдамба нар ухаарч байжээ. 1920 оны эхээр Улиастайд цагаан цэргийн эрхтнүүд хяналтаа тогтоосны дараа тэнд байсан хятад худалдаачдыг хавчин, тонон дээрэмдэх болсон байгаа юм. Мөн 1921 оны хувьсгалын дараа гадаадын элдэв шунахай худалдаачдыг шахан зайлуулах бодлогын үүднээс элдэв зүйлээр хавчих болсон гэх зэрэг шалтгааны учир хятад худалдаачдын тоо багассаар 1930-аад он гэхэд ардын хоршоонд шахагдаж цөөрсөн байдаг.

Бас нэгэн баримт нэмж хэлэхэд хятад худалдаачдын дэлгүүрийн байр байдлын талаар, “Нааран дээр нь европынхныг шоглон зурсан шог зураг бүхий номууд их байна. Орос дэлгүүрийг бодвол хятад дэлгүүрт ном байх нь олонтаа. Санхүүгийн бичиг дансыг маш нарийвчлалтайгаар сайн эмийн сангийнхан шиг хөтлөн бичдэг хар дансны зузаан дэвтэр хятад дэлгүүр болгонд харагдана. Дэлгүүрийг Бээжин, Хаалганд гэртэй пүүсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч толгойлдог. Итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө ажил хэрэгтээ шууд оролцдог бөгөөд албан хаагчдынх нь зарим нь ажил хэрэгтээ оролцдог, харин зарим нь оролцохоор зэхэж байгаа хүмүүс байдаг. Иймд бүх ажил хэрэг нь маш нарийн тайлагнасан, бичиж тэмдэглэсэн байдаг. Хятадууд тэмдэглэлдээ өчүүхэн зүйлийг ч гайхмаар нарийн тэмдэглэдэг. Үүнээс гадна харсан, сонссон болгоноо бичдэг тэмдэглэлийн дэвтэртэй хятадууд олон байдаг, шүлэг бичээд зугаалж явахдаа түүнийгээ гуншгинан уншиж явна” хэмээсэн баримт байна.

Сонирхолтой ярилцлага цаг зав гарган өгсөн танд баярлалаа.

Холбоотой мэдээ