Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэхэд Оюутолгой компани дэмжлэг үзүүлнэ

Монголын мэдээ | Боловсрол
munkhbaatar@montsame.mn
2019-04-19 18:25:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Оюутолгой" компани ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль /ГУУС/-тай уул уурхайн салбар, тэр дундаа гүний уурхайн мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх хоёр жилийн хугацаатай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.


“Оюутолгой” компани гүний уурхайд ажиллахад шаардагдах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, энэ чиглэлийн мэргэжилтнийг дээд түвшинд бэлдэх, олон улсын сургалтын байгууллагуудын сайн туршлагыг судлан, нэвтрүүлэхэд зөвлөн туслах юм. Түүнчлэн орчин үеийн уул уурхайн шинэ технологи, дижитал сургалтын арга барилыг судлан тус сургуулийн хөрсөнд буулгаж, хөгжүүлэх үүрэг хүлээж байна. Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг хангахаар хоёр талаас ажлын хэсэг томилон ажиллуулахаар болов.



Санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШУТИС-ийн ГУУС-ийн захирал, доктор, профессор Л.Пүрэв, “Оюу толгой” компанитай хамтарч бидний бэлтгэсэн мэргэжилтнүүд ганцхан Оюутолгой ч биш дэлхийн хэмжээнд, дэлхийн томоохон уурхайнуудад ажиллах мэргэжилтнүүд болно гэдэгт бид итгэлтэй байна” хэмээв.


“Оюу толгой” компанийн сургалт хариуцсан менежер Чулууны Наранцогт, “Манай дээр хэрэгжиж байгаа гүний уурхайн Геотехникийн ажлууд өмнө нь дэлхийн хаана ч туршигдаагүй юм. Энэ нь манай монгол оюутан залуус, ирээдүйн инженерүүдийн хувьд ховор боломж” гэлээ.


Юун түрүүнд Уул уурхайн ашиглалтын технологийн бакалавр болон Уул уурхайн геотехникийн магистрын хөтөлбөрийг боловсруулж, магадлан итгэмжлүүлэх, энэ чиглэлээр багш бэлтгэх, мэргэшүүлэх, сургалтын материаллаг бааз (сурах бичиг, гарын авлага, лаборатори, багаж тоног төхөөрөмж зэрэг)-ыг бэхжүүлэх ажлууд хийхээр төлөвлөөд байгаа аж.


“Оюу толгой” компани Монгол Улсын уул уурхайн салбарт хэрэгцээтэй байгаа боловсон хүчнийг бүрдүүлэхэд сургалтын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Энэ дагуу мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-үүдийг дэмжин ажиллаж, Налайх дүүрэг, Чойр, Дархан хотуудад МСҮТ- ийн барилга, Даланзадгад хотод МСҮТ-ийн өргөтгөл барьж ашиглалтад оруулснаас гадна сургалтын хөтөлбөр, чанарыг сайжруулах чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж байна.


2010 оноос хойш “Оюу толгой” компанийн хэрэгжүүлж буй төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд 1,000 орчим оюутан хамрагдаад байна.

Холбоотой мэдээ