Үзэсгэлэнт газруудад хогийн сав байршуулах нь үр дүнгээ өгч байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-04-20 21:07:28
Завхан /МОНЦАМЭ/ Завханы Эрдэнэхайрхан сум нь “Эко Завхан“, “Миний  гоё  сум“ аянд идэвхтэй оролцож он гарсаар бүтээн байгуулалтын найм, өнгөрсөн онд 30 гаруй ажлыг хийжээ.

Тухайлбал сумын төвийнхөө өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нэг гудамжийг үлгэр жишээ болгон тохижуулахад найман сая төгрөгийн хөрөнгө зарцуулжээ. Энэ үеэр 16 хашааг шинэчлэн, 27 хашааны хаалгыг сольж нэг загварт оруулж тохижуулжээ.

“Эко Завхан” аяны хүрээнд сумын төвийн нэгдсэн хогийн цэгийг хайс хамгаалалттай болгон, ил задгай хаясан хогийг булж, шинээр суваг ухаж ландфилын аргаар хогоо дарж булж байна. Мөн “Хоггүй  сум” самбар бүхий хогийн сав 30 гаруйг тахилгатай овоо болон байгалийн үзэсгэлэнт газруудад байршуулжээ. Ингэснээр иргэд болон дотоодын аялагчид байгалийн үзэсгэлэнт газруудад ил задгай хог хаягдлыг хаях нь багассан. Хогийн сав байрлуулсан нь үр дүнгээ өгч байна. Тогтсон хугацаанд бид хогийн саван дахь хогийг ачилж тээвэрлэдэг. Мөн сумын төвийн эргэн тойрны гурван километр газрыг байгууллагуудад хуваарилан хариуцуулж, улиралд нэг удаа албан газар, байгууллагын эзэмшил газрын талбайгаас 300 метрт хамрагдах газрын хог хаягдлыг долоо хоног бүрийн баасан гаригт ачуулдаг. Нийтийн их цэвэрлэгээг сар бүр зохион байгуулж хэвшсэнээр эзэнгүй ил задгай хог хаягдалгүй болсон.

Сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэд, өндөр настан, хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 120 ширхэг суулгацтай цэцэрлэгт хүрээлэнг өнгөрсөн зун байгуулсан. Сумын хэмжээнд 370 ширхэг модыг тарьж ургууллаа. Үргэлжлүүлээд ирэх тавдугаар сараас мод тарих ажил эрчимтэй хийнэ хэмээн сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ