Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 38,8 тэрбум төгрөгийн ажил хийнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-04-20 21:49:15

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт 2019 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулахаар иргэд аж ахуйн нэгж байгууллагаас 90 гаруй тэрбум төгрөг шаардагдах 800 гаруй ажлын санал иржээ.

Үүнийг нэгтгэн эрэмбэлж, дөрвөн бүлгийн хүрээнд 22 зорилт 162 арга хэмжээг төлөвлөж, нийтдээ 47 тэрбум, 153,0 сая төгрөгийг зарцуулахаар болжээ. Завхан аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 97,2 хувьтай хэрэгжсэн гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгчид дүгнэсэн байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 38,8 тэрбум төгрөгийн ажил хийх бөгөөд энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 20 тэрбум төгрөгөөр өсчээ.

Харин орон нутгийн хөрөнгө оруулалт 1,6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ жилийн үндсэн чиглэлд бүтээн байгуулалт, тохижилт соёлжилт, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлууд түлхүү тусгагджээ.

Тухайлбал 24 суманд жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, “Миний гоё сум” аяныг үргэлжлүүлэх, малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог нэвтрүүлэхээр болжээ. Мөн Тэс омгийн адууг үүлдрээр батлуулах, аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг батлуулах, Хар нуур орчмын дэд бүтцийг хөгжүүлэх, сумдын төв доторх цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл шинэчлэлтийг хийхээр болжээ. Түүнчлэн зарим газрын усан хангамж, ариутгах татуургын угсралтын ажил, аймгийн төвийн багуудын бохирын болон дулааны шугам сүлжээг шинээр хийх, Улиастай суманд гудамж төслийг хэрэгжүүлэх, Ганцын даваанаас Ширээгийн гол хүртэлх авто замыг засаж сайжруулахаар тусгагджээ.

Холбоотой мэдээ