НҮБ-аас амаржих газарт 38 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-04-20 20:55:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх амаржих газарт НҮБ-ын Хүн амын сангаас 38 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг олгон эмнэлзүйн танхим байгууллаа.  

Уг танхимын нээлтэд НҮБ-ын "Эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологийг нутагшуулах" төслийн багийнхан оролцож дөрөвдүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Танхимд амаржих газарт ажиллаж буй эмч, эх баригч, сувилагч нарын ур чадварыг сайжруулах зорилгоор 11 сургалтын өрөөний тоног төхөөрөмжийг суурилуулжээ. НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч А.Илиза “НҮБ-аас улсын хэмжээнд бүх аймагт энэхүү танхимаа нээнэ. Ингэснээр амаржих газар ажилладаг өөрөөр хэлбэл төрөх үйл ажиллагаанд оролцдог эмнэлгийн мэргэжилтнүүд дадлагын биетүүд дээр ажиллаж ур чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн амаржих газрын эрчимт эмчилгээний өрөөнд ЭХЭМҮТ-тэй 24 цагаар холбогдох боломжтой өндөр хүчин чадлын 360 градус эргэдэг камер, компьютер бүхий харилцааны лабораторийг тохижууллаа. Ур чадварын танхимын нэгдсэн лабораторийг ЭХЭМҮТ-д байгуулна. Ингэснээр эмчлүүлэгсдэд хүндрэл гарсан тохиолдолд орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-тэй холбогдон видеогоор зөвлөгөө авах боломжтой” гэдгийг онцолсон юм. 

Одоогоор уг танхим болон өрөөг Архангай, Завхан, Говь-Алтай аймагт нээгээд байгаа бөгөөд улсын хэмжээнд 2,4 тэрбум төгрөгийн өртгөөр хэрэгжүүлэх ажээ. 


Холбоотой мэдээ