ИЗНН: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбоотой бүх материалыг ил болгохын төлөө тэмцэнэ

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2019-04-20 17:14:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсний 57 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. 


Тэрбээр, 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд БНМАУ-ын Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болж төрсөн. С.Зориг агсан орос хэлний 23 дугаар сургуулийг төгссөн бөгөөд Москва хотын Улсын их сургуулийн философийн ангийг дүүргэсэн юм.


Түүний ээж  С.Доржпалам нь их эмч бөгөөд Оросын нэрт эрдэмтэн, Монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин юм. Түүнийг "Сэрэлт" киноны эмчийн дүрээр нь монголчууд сайн мэддэг.


С.Зориг агсны төрсөн өдрөөр түүний гэрэлт хөшөөнд төрөл төрөгсөд, Монголын ардчилсан холбоо, Ардчилсан намынхан болон анд нөхөд, монголчууд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай билээ.


Энэхүү ёслолын үеэр, Иргэний зориг, ногоон нам /ИЗНН/-ын дарга Ц.Ганхуягтай уулзаж, 21 жилийн өмнө С.Зориг агсныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж буй асуудлаар үзэл бодлыг нь сонссон юм.


-ИЗНН-аас өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, энэ хэрэгт холбоотой бүх материалыг ил болгохын төлөө улс төрийн тэмцэл хийнэ гэдгээ зарласан. Энэ өдөр таны хэлэх үгийг сонсоё?


- Тийм ээ, ИЗНН-аас өчигдөр мэдэгдэл хийсэн. Өнөөдөр энэ хэрэг илэрсэн юм шиг, илрээгүй ч юм шиг байна. Уг нь 3 шатны шүүх хуралдаад хяналтын шат хүртлээ шийдвэр гарсан байдаг. Одоогийн эрх баригчид, ялангуяа ХЗДХ-ийн сайд бүх материалтай танилцаад энэ хэрэг зохиомол гэсэн мэдэгдэл хийсэн. Өнөөдөр Монгол Улсад Шүүх байгаа эсэхэд бид эргэлзэж байна. ИЗНН-ынхан болон ард түмэн, энэ 3 шатны шүүх хуралдааны материалыг өнөөдрийг хүртэл албан ёсоор огт үзээгүй байна. Харин албан бус мэдээллүүд гарч байгаа. Тэгэхээр аль нь үнэнийг бид төдийгүй иргэд, олон нийт мэдэхгүй байна. Ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн 20 гаруй минутын бичлэг нь тусгай хүмүүс /УИХ, цөөн тооны сэтгүүлч зэрэг/-т зориулагдсан байх ёсгүй. Монголын ард түмэн энэ бичлэгийг үзэх бүрэн эрхтэй. Энэ бичлэгийг үндэслэж улс төр хийх боллоо. Сонгууль бүрийн өмнө улс төрийн намууд энэ хэргийг хөндөж иргэдийг төөрөгдүүлэх сэдвээ болгодог уламжлал давтагдсаар л байна. Бидний гол зорилго бол, үнэнийг л олж мэдэхийг хүсэж байна. Ойрын жишээ гэвэл, ОХУ-ын сөрөг хүчний удирдагч, улс төрийн зүтгэлтэн Борис Немцовын амь насанд халдсан хэргийг Москвагийн шүүхээр нээлттэй шүүсэн. Монгол Улсад С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууц хаалганы цаана төрийн маш нууцад хамааруулж, үндэсний аюулгүй байдалд харшилсан болгоод байгааг бид ил тод болгохыг шаардаж байгаа. ИЗНН-ын хувьд, өнөөдрийг хүртэл нэн хүлээцтэй хандаж ирсэн. Энэ хэрэгт холбоотой бүх материалыг ил болгохын төлөө ИЗНН-аас улс төрийн тэмцэл хийнэ гэдгээ өнгөрсөн /2019.04.19/ баасан гарагт зарласан. Энэ хэргийг шударгаар тунгааж нягтлах үүрэг аваад байгаа Хянан шалгах түр хороонд бид их итгэл найдвар тавьж байгаа.

 

-Танай намаас энэ хэргийг ил тод болгох талаар цаашдын хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа юу байгаа бол?

 

-Манай намаас УИХ-д байгуулсан Хянан шалгах түр хорооны гишүүдтэй уулзана, мөн Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа. Түр хороонд байгаа УИХ-ын зарим гишүүнтэй өнгөрсөн оны 12 дугаар сар болон энэ оны нэгдүгээр сард болсон улс төрийн жагсаалыг хамтран зохион байгуулсан. Бид өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нартай С.Зоригийн хөшөөний дэргэд уулзлаа. Манай нам хамтран ажиллахыг тэдэнд уриалсан. Тэд бидэнтэй энэ асуудалд нэг зүг харж байгаа гэдгээ илэрхийлсэн. 

Холбоотой мэдээ