Хөлс, хүч, ажлын амт нийлж байж амттай арвай гардаг

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-08 21:53:38

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагаанчулуут сумын Төмөртэйн голын эрэг дээр “Цагаанчулуут Өгөөж” хоршоо өнгөрсөн жил 50 сот газар халтар арвай тарьжээ. Харин энэ жил тариалалтын талбайгаа өргөжүүлэхээр ажиллаж байна.

Учир нь нь тус хоршоо комбайн, техник хэрэгсэлгүй учраас тариалалтыг гар аргаар, бага талбайд чанартай хийдэг байна. Эднийхэн хаврын тариалалт, намар ургацаа хурааж авах, будаагаа цэвэрлэх, хуурах, тээрэмдэх гээд бүх ажлыг гараар хийдэг ажээ. "Цахилгаан тээрмээр тээрэмдсэн буудай амт муутай гурил болоод байх шиг санагддаг.

Ер нь л гар аргаар талбайгаа цэвэрлэх, үрээ тарих, буудайгаа хураах, чулуун тээрмээр буудайгаа тээрэмдэх нь их зүгээр байдаг. Чулуун тээрмээр тээрэмдсэн гурил чанартай амттай болдог. Тиймдээ ч бага талбайд тарьсан буудай маань амттай арвайн гурил болж хэрэглэгчдэд хүрч байна. Манайхаас байнгын халтар арвайн гурил авдаг хүмүүс бий. Нэг үгээр хэлэхэд хөлс хүч, ажлын амт, газрын амт хослохоор сайхан гурил гардаг гэж ойлгож болно. Манайх гурилаа аймагтаа зах зээлийн үнээс арай хямд борлуулдаг, борлуулалт ч орон нутагт их сайн байдаг" гэж "Цагаанчулуут Өгөөж" хоршооны дарга Н.Пүрэвжав ярилаа. 

Мөн халтар арвай бол экологийн цэвэр бүтээгдэхүүн учраас гэдэс ходоод цэвэрлэх үйлчилгээтэй, дотор, ходоодонд нэн сайн.  Манай монголчууд эртнээс хүнсэндээ хэрэглэж ирсэн болохоор хорт хавдар тусахаас сэргийлдэг гэж ч ярьдаг. Арвайг тариалж тээрэмдэх ажиллагаа их хүнд шүү дээ. Тариагаа хураагаад ишийг нь нүдэж буталдаг. Дараа нь буталсан ишээ салхинд самарч цэвэрлээд цогноно. Нэг цогноход буудай маань их бүдүүн болж зөөлөрдөг. Цогноно гэдэг нь хуурна гэсэн үг.  Мөн буудайныхаа ишээр өнгөрсөн жил багахан хэмжээний малын хивэг хийж үзсэн болмоор санагдсан гэв.

Холбоотой мэдээ