Цасан шуурганы улмаас нэг хүн осгож нас баржээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-05-12 10:44:29

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ихэнх нутгаар цас орж шуурсны улмаас малынхаа араас яваад 41 иргэн алга болчихлоо гэх дуудлагыг хүлээн авсан байна. Тавдугаар сарын 12-ны өглөөний 10 цагийн байдлаар 36 иргэнийг олсон, 4 иргэнийг хайж байгаа юм байна. Сэврэй сумын Сайншанд багийн нутагт 50 орчим насны нэг эмэгтэйг осгож нас барсаныг олжээ. 

Мөн малаа алдсан гэх дуудлага маш их байгаа аж. Цасан шуурганд төөрчихлөө гэсэн 37 дуудлага хүлээн авснаас 36-г нь олж амь насыг нь аварсан байна. Төөрөөд шатахуун нь дууссан гэх нэг дуудлага руу одоо явж байгаа гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Алга болсон 4 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд тэдний нэг нь Цогтцэций, гурав нь Ханхонгор сумынх байна. Энэхүү цасан шуурга шуурах мэдээг 2 хоногийн өмнөөс эхлэн сэрмжлүүлэг байдлаар хүргэсэн хэдий ч иргэд хайхрамжгүй байснаас ийнхүү хохирол амсаад байгааг албаны хүмүүс хэлж байна.